Монгол эмэгтэй /МУГТ Д.Мөнхбаяр/ олимпийн наадмаас анх медаль хүртсэний 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй буудлагын спортын дэлхийн шилдэг тамирчдын "Халз тулаан" өнөөдөр Улаанбаатар хотод боллоо.

Халз тулааны нийлбэр дүнгээр МУГТ Д.Мөнхбаяр 192 оноотойгоор тэргүүлж, Серб улсын тамирчин Ясна Секарич, ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноотойгоор удаалав.

Тулаанд олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн тамирчин Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн тамирчин Ясна Секарич, олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга МУГТ Д.Мөнхбаяр, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нарын дэлхийн шилдэг мэргэн буудагчид халз өрсөлдсөн юм.