Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн тууль ба Жангар” олон улсын симпозиум боллоо.

Уг хурлыг Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэн, “Жангар судлал” төрийн бус байгууллага, ”Дас ихэр” сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнтэй хамтран 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын сайд Ц.Цогзолмаагийн мэндчилгээг тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн симпозиумд оролцогчдод баяр хүргэн, амжилт хүсэн уламжиллаа.

Энэхүү симпозиумд найман орны 65 судлаач, эрдэмтэд “Жангар судлал”-ын талаар илтгэл тавьж, монгол түмний баатарлаг туульс “Жангар” туулиа нэгдэн гүнзгийрүүлэн судлах, харьцуулсан судалгааг хийх, монгол туулийг инновацитай хослуулах, уг туулийн зан үйлийг зөвөөр сэргээхийн зэрэгцээ орчин үеийн нөхцөлд олон нийт, хүүхэд залууст шинэ хэлбэрээр хүргэх арга зам зэргийг эрэлхийлэн хэлэлцүүлэг хийв.

“Жангар” тууль нь Монгол Улс, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Халимаг Улс, Алтай, Тува, Буриад зэрэг нутаг дэвсгэрийн халх, ойрад, тува, буриад, халимаг, сарт халимагуудын дунд тархан дэлгэрсэн билээ. 2017 онд БСШУСЯамны дэмжлэгтэйгээр 4 орныг дамжин судалсан “Жангар-2017” олон улсын эрдэм шинжилгээний хээрийн судалгааны аялал “Жангар судлал” ТББ –гаас санаачлан зохион байгуулсан. Энэхүү аялалын багт Монгол, Орос, Хятадын эрдэмтэд анх удаа хамтран 20,000 км газар машинаар аялан судалгааны ажлын үр дүнгээ гэрэл зургаар олон нийтэд толилуулав.

Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр “Дас ихэр” сан ардын аман зохиол судлаач, ахмад зохиолч Д.Сүрьяагийн 30 гаруй жил судалсан Монгол аман зохиолын ноён оргилын нэг “Жангар” туулийг түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Монгол ардын Жангар баатарлаг тууль” ном болгон хэвлэж уншигч олны хүртээл болголоо.