Хөгжингүй орнуудын хуулинд стандарт болсон хориг, хязгаарлалт төрийн албан хаагчдад үйлчилдэг. Эдгээр бүх арга хэмжээ нь биелэгдсэн тохиолдолд харьцангүй үр дүнтэй гэж үздэг.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны дотоод хэргийн аюулгүй байдлын газар нь ОХУ-ын төрийн албан хаагчдад “авлигын эсрэг бат бөх байдал” гэсэн аргыг ашиглаж эхлэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. Ийм төрлийн аргыг европын орнууд ашиглаж эхэлсэн тухай Оросын Дотоод хэргийн яамны дэслэгч генерал Юрий Дрютсов мэдэгджээ.


#1. Нидерланд

Нидерландчууд авлигын түвшин хамгийн бага улсуудын нэгд тооцогддог. Нидерланд дахь авлигатай тэмцэх систем болон сэрэмжлүүлэхэд дараах арга хэмжээг авдаг байна. Үүнд:

  1. Авлигыг илрүүлэх, авлигын үр дагаврын тухай тогтмол хэлэлцэж, шийтгэх арга хэмжээний талаар мэдээллэх, суртачлах. Жил бүр Дотоод хэргийн сайд парламентад илрүүлсэн авлига болон тэдгээрт хэрхэн яамар шийтгэл оногдуулсан тухай тайлагнадаг.
  2. Авлигад хамгийн ихээр өртөх магадлалтай цэгүүд дээр хяналт тавьж, тэдгээр цэгт дээр буй хүмүүст хатуу хяналт тавих.
  3. Албан тушаалтны ёс зүйг зөрчсөн тохиолдолд шийтгэх систем бий болгох.
  4. Авлигын үйл ажиллагаанд өртсөн тохиолдолд хувь хүнийг төрийн байгууллагад ажиллахыг хориглохоос гадна нийгмийн бүхий л туслалцаа дэмжлэгийг авах боломжгүй болно. Мөн торгууль төлж, ажлаасаа чөлөөлөгдөнө.
  5. Чухал байгууллагууд тэр дундаа яамдад албан тушаалтнуудын алдаануудыг илрүүлэх, санамсаргүй болон санаатай дүрмийг зөрчих, тэдгээрийн үр дагаврыг илрүүлэх зорилгоор дотоод аюулгүй байдлын хэлтэс байдаг.
  6. Системийн аюулгүй байдлын цэгүүд дээр албан тушаалтныг сонгон шалгаруулах тогтолцоо бий болсон.
  7. Авлигын үйл ажиллагаатай хамаатай бүхий л материалууд үндэсний аюугүй байдлыг хөндөхгүй бол олон нийтэд ил болно.
  8. Албан тушаалтуудад авлигын хор хөнөөлийг тайлбарлаж байх тусгай системтэй сургалт бий болсон.
  9. Авлигатай тэмцэх төрийн аюулгүй байдлын систем бий болсон. Энэ нь авлигын хэргийг илрүүлэх ач холбогдолтой.
  10. Бүх түвшний албан хаагчид мэдэж байх бүхий л авлигын хэргүүдийг мэдээллэх үүрэгтэй.
  11. Авлигатай тэмцэхэд ихээхэн үүргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гүйцэтгэдэг. 


#2. ХБНГУ

ХБНГУ-д тусгайлсан чиг үүргээс гадна төрийн албан хаагчид нийгмийн ач тусын төлөө өөрийн үүргийг шударгаар гүйцэтгэх ёстой. Төрийн албан хаагч өөрийн хүлээсэн үүрэг, ажлыг гүйцэтгэхдээ хууль ёсны дагуу биелүүлэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх асуудал бол албан газрын нууцыг баримтлах юм. Төрийн албан хаагчийн ажиллах хугацаа дуусгавар болмогц албан хаагч ажиллах хугацаад илрүүлсэн аливаа зүйлийг нууц хэвээр хадгална. Байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч шүүх дээр хүртэл мэдүүлэг өгөх эрхгүй.

Мөн төрийн албан хаагч ажлаас гадуур өөр төрлийн ажил хийх бол зөвшөөрөл авах ёстой. Харин сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажилд зөвшөөрөл аваад байх хэрэггүй.  Төрийн албан хаагч өөрийн биеэр болон эрх бүхий төлөөлөгчөөр дамжуулан ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, төлөөлөн удирдах зөвлөл болон хянах зөвлөлд байх хориотой.

Хэрэв ажиллах хугацаа дуусгавар болсны дараа төрийн албан хаагч өмнөх ажлын ажил үүрэгтэй адил ажил эрхэлж байгаа тохиолдолд сүүлд ажиллаж байсан байгууллагадаа мэдэгдэх үүрэгтэй.


#3. АНУ

АНУ-ын хуулиар төрийн албан хаагч «санхүүгийн аливаа үйл ажиллагаанд оролцох ёсгүй». Мөн албан хаагчид хэн нэгнээс ямар нэгэн бэлэг, хээл хахууль авах хориотой. Хэрэв хэн нэгэн тэдэнд ямар нэгэн зүйл өгөхийг оролдсон бол тэр дор нь мэдэгдэх ёстой. Уламжлалт ёсоор төрийн албан хаагч нэмэлтээр ямар нэгэн орлого олох боломж нь хязгаарлагдмал. АНУ-ын Ерөнхийлөгчийн томилсон албан тушаалтнууд өөрийн ажил үүргээс гадна ямар нэгэн орлого олохыг хориглодог.

АНУ-ын Конгрессийн Сенатын гишүүдэд болон Төлөөлөгчийн Танхимын гишүүдэд 1977 оноос эхлэн ёс зүйн дүрэм үйлчилж эхэлжээ. Сенатын гишүүд, нэр дэвшигчид, шат шатны албан тушаалтнууд, сенатын ажилчид санхүүгийн байдлын талаар мэдүүлэг өгдөг. Мэдүүлгийг жил бүр өгөх ёстой.Харин нэр дэвшигчид нэр дэвшсэн өдрөөсөө 30 хоногийн дотор өгөх ёстой юм.

Өнгөрөгч жилийн санхүүгийн орлого, зарлагыг мэдүүлнэ:

  • Бүтэн орлого, хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгийн орлого, шагнал урамшуулал
  • Санхүүгийн болон бусад орлого
  • Тээврийн болон түүнтэй хамааралтай зардал
  • Хэн нэгнээс болон ямар нэгэн байгууллагаас авсан бэлэг болон тээвэр, хоол хүнс, буудал, ресторан болон төрөл бүрийн зугаа цэнгэлийн зардал
  • Санхүүгийн болон бусад өр төлбөр болон бусад.

Харин цагаан ордны болон бусад гүйцэтгэх албаны ажилтнууд удирдлагадаа дараах мэдээллийг өгөх ёстой:

  • Бүх корпораци, компани, пүүс, бусад бизнесийн байгууллага болон гэр бүлийн хүмүүстэйгээ холбоотой байгууллагын жагсаалт өгөх
  • Өөрийн болон эхнэр, хүүхэд, хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн өрийн жагсаалт
  • Дээр дурдсан хүмүүсийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт

АНУ-д өндөр түвшний засгийн газрын албан тушаалтнаас заавал полиграфын шалгалт авах үүрэгтэй. 


#4. Канад

Канадад 1985 онд төрийн албан хаагчдад зориулсан үнэт ёс зүйн дүрмийг баталжээ. Уг ёс зүйн дүрмийг төрийн бүх түвшний албан хаагч дагаж мөрдөх ёстой. Дүрэм нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын зан үйлийн тодорхой стандарт болон ажил үүргээ дуусгавар болгосны дараах алхамуудруу чиглэсэн.

Энэхүү дүрэм нь дөрвөн хэсгээс бүрдэж байгаа юм. Эхний хэсэгт төрийн албан хаагчдын баримтлах ёстой ерөнхий зарчмууд багтжээ. Төрийн албан хаагч ямар нэгэн бэлэг, өглөг авах эрхгүй. Тэд өөрийн үүргээсээ гажиж хувийн аж ахуйн нэгж, хувь хүнд туслах үүрэггүй. Мөн төрийн албан хаагч ямар нэгэн мэдээллээс санхүүгийн ашиг харах ёсгүйгээс гадна төрийн өмчийг ямар нэгэн зорилгын төлөө ашиглаж болохгүй. 

Хоёрдугаар хэсэг нь төрийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тавигддаг тодорхой шаардлагыг агуулсан байна. Эдгээр шаардлагуудын зорилго нь «ашиг сонирхлын зөрчил» үүсэх магадлалыг багасгах зорилготой. Уг дүрмийн дагуу төрийн албан хаагч ажилд орсны дараах 60 хоногт багтааж өөрийн өмчийн талаар мэдүүлгийг өгөх ёстой. Удирдлагын зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч хэн нэгэн хувь хүн болон байгууллагад өөрийн туслалцааг санал болгох ёсгүй. 

Дүрмийн гурав дахь хэсэг нь төрийн албан хаагч төрийн албаны ажлыг дуусгавар болгосны дараах шаардлагуудаас бүрдэж байна. Төрийн албан хаагч ажиллаж байх хугацаандаа олж мэдсэн бүхий л мэдээллийг дараагаар нь өөрт ашигтайгаар ашиглахгүйд уг хэсгийн гол зорилго оршиж байна.

Төрийн албан хаагч ажлаа өгснөөс хойш нэг жилийн хугацаанд төрийн албаны үүрэг гүйцэтгэж байхдаа төрийн албаны өмнөөс хамтран ажиллаж байсан байгууллагуудад ажиллах эрхгүй. Дөрөвдүгээр хэсэгт төрийн албан хаагчийг ажилд авах болон халах, үүрэг, хариуцлагын талаар өгүүлж байна.


#5. БНХАУ

БНХАУ-ын хээл хахуулийн эсрэг механизмын үндэс нь бол 1978 онд үүссэн Коммунист намын Төв комисс юм.

2007 онд авлигаас сэргийлэх Төрийн алба байгуулагдсан бөгөөд тэргүүнээр нь хяналтын сайд Ма Вэнь томилогджээ. Тус байгууллага нь авлига үүсэж буй шалтгаан, устгах аргын шинжилгээ, албан тушаалтнуудын эрх мэдлийг ашиглахад тавих хяналт зэргийг давхар хянадаг байна.

Хятадад авлига маш сонин хэлбэрүүдтэй болж байгаа учир туршлагатай судлаачдыг хүртэл гайхшруулж байна. Ийм учир БНХАУ-ын төрийн зөвлөл албан тушаалтнуудад бэлэг авах, байшин, автомашин худалдан авах, тоглоом тоглох, ажлаа хүлээлгэж өгсний дараа сайн цалинтай ажилд орох тухай торилцоо хийх зэргт хориг тавьжээ.

Авлигтай тэмцэх үр дүнтэй аргуудын нэг бол бүхий л төрийн байгууллагуудын ажилтнуудын солилцоо юм. 


#6. Япон

Японы хууль сонгуулийн компанит ажил, нам, улс төрийн бусад байгууллагын санхүүд хатуу хязгаар тогтоож, сонгуульд нэр дэвшигчдэд олгосон санхүүжилтийн талаар тайлагнах журмыг хатуу зохицуулсан. Хуулийг зөрчсөн тохиолдолд мэдээж хуулийн хариуцлага хүлээнэ.


#7. Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос бол ил тод байдлын үлгэр жишээ юм. 1999 онд Өмнөд Солонгост «OPEN» хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь иргэдийн хүсэлтийг хянан шийдвэрлэдэг онлайн систем юм.2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тус системийг «Авлигатай тэмцэх» шинэ хуулийн жишиг хэмээн нэрийджээ. Учир нь улсын бүх иргэд авлигын талаар мөрдөн байцаах болон гомдол гаргах эрхтэй юм.


#8. Сингапур

Авлигтай тэмцэх гол цөм бол Авлигын хэргийг мөрдөх товчоо юм. Энэхүү хараат бус, бие даасан байгууллага нь Сингапурын хувийн болон төрийн байгууллагуудыг авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилладаг юм.

Уг товчоо нь төрийн албан тушаалтнуудын талаар судалж, арга хэмжээ авах талаар эрхбүхий байгууллагуудад мэдэгддэг.