Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын ковидын эсрэг хоёр дахь вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.

Энэхүү Синовак вакциныг 18-аас дээш насныханд хийхийг зөвлөж, 2-4 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийдэг байна. Яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн гэдэг нь тус вакцин "аюулгүй байдал, үр нөлөө, үйлдвэрлэлийн олон улсын стандартад нийцсэн" гэсэн үг юм гэж ДЭМБ мэдэгджээ.

Синовак вакцин хийлгэсэн хүмүүсийн 50-аас илүү хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй. Мөн өвчин хүндэрч, эмнэлэгт хүргэгдэхээс 100 хувь урьдчилан сэргийлж чадаж байна.

Синовак вакциныг яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтад оруулсан нь нийлүүлэлтийн асуудалтай тулгараад байсан Ковакс хөтөлбөрт түлхэц болно гэж найдаж байгаа ажээ. Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг оронд Синовак вакциныг хэдийнэ тарьж эхлээд байна.

Тус компани өнгөрсөн сарын сүүлчээр 600 сая гаруй тунг дотооддоо болон гадаадад нийлүүлсэн. 430 сая гаруйг нь дархлаажуулалтад хэрэглэжээ. Синовак вакциныг ердийн хөргөгчинд 2-8 хэмийн температурт хадгалах боломжтой нь тус вакцины гол давуу талуудын нэг аж. 

Эх сурвалж: ВВС