УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлангийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж, Ажлын хэсэг хариулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Энэ үндсэн чиглэлийг 2 жилийн өмнө буюу 2017 онд баталсан. Тухайн үед үүнийг хэрэгтэй юу, үгүй юу гэж баахан яриа болж байгаад баталсан. Яг үнэндээ бол үндсэн чиглэлийн биелэлт яриад байгаа шигээ 60 хувь биш. Бодит байдлаар нь тооцоход 32.3 хувьтай байна. Энэ бол юм хийгдээгүй гэсэн үг. Би үүнийг юугаар тайлбарлах гээд байна вэ гэхээр, үндсэн чиглэлийн үр дүнд 2 жилийн хугацаанд хийгдсэн ажил, эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байдлыг ярьж байна. Түүнээс биш гоё тоо, гоё үг ард түмний гэдсийг цатгахгүй. Би 4 зүйл дээр санал нэгддэг.

  1. Иргэн хүн өлсөхгүй байх хэрэгтэй. 
  2. Орон сууцтай байх хэрэгтэй.
  3. Хөлдөхгүй /дулаан/байх хэрэгтэй
  4. Ажилтай байх хэрэгтэй. Энэ 4 зүйлийг бүрдүүлэх үүргийг төр хүлээж байгаа. 

Гэтэл сая ярьсан зүйлс бүгд эсрэгээрээ байгаа. Бодит амьдрал ийм л байна. Үнэтэй холбоотой асуудал ярихад хүнсний 100 нэрийн барааны 70 хувь нь өссөн. Ирэх жил эрчим хүчний асуудал хүндрэхэд яах нь тодорхойгүй байна. Дараагийн зүйл нь орон сууцны ипотек. Энэ ажил эрчимтэй явж байгаад зорилтот түвшиндээ хүрээгүй хангалтгүй болж, санхүүжилт дутсан. Ажлын байрны талаар яриахад 4.8 их наяд буюу Монгол Улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарчихаад яагаад бид ажлын байртай байж чадахгүй байна вэ. Энэ мөнгө хаана яваад байна. Хэнд очив гэдэг асуудал үүсэж байна. Эдгээрийг би аудитын дүгнэлтэд бичсэн зүйлсийг ярьж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Эрчим хүчний асуудлаар Багануур дээр баахан улстөржөөд, Хятадууд орж ирээд энэ станцыг Хятадын мэдэл болголоо гэчихээд яагаад Бөөрөлжүүд гэдэг газар дахиад Хятадуудтай эрчим хүчний төсөлд гарын үсэг зурав. Энэ бас анхаарал татаж байна. Яахаараа бид дандаа эдийн засгаараа улстөржиж бусдыг айлгаж байгаад ямар ч хэрэггүй төслүүдийг гүйж очоод хийгээд байдаг юм. Багануур нь болохгүй байгаа бол эрчим хүчнийх нь чадлыг хасаад хийгээд явах боломжийг яагаад ашигладаггүй юм. Хятадууд гэж айлгаад байгаа бол яагаад дахиад хятадуудтай гэрээ зурчихдаг юм. ТЭЦ-З-ын өргөтгөл, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл хаачсан юм гээд ярьвал олон зүйл байна. 

Яагаад бид ийм бодлогогүй байгаа юм бэ. Би үүнийг бүр хэлмээр санагдаад байна. Ө.Энхтүвшин, С.Бямбацогт нар бодлогогүй гэж зөв хэллээ. Ч.Хүрэлбаатар бодлоготой гэж буруу хэллээ. Бид яагаад алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй гүрийгээд байгаа юм бэ гэдэгт би эмзэглэж байна" хэмээлээ.