УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн үеэр "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээллийг би үзсэн. Үүнд дутуу юм их байна. Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь маш зөв. Нэг зүйл нь ОХУ-ын "Ростех" компанийн захирлаас ирүүлсэн бичгийг орчуулаагүй нийтэд тараасан байна. Би ЗГХЭГ-аас үүнийг орчуулж гаргаасай гэж хүсэж байна. Энд нэг анхаарал татсан өгүүлбэр байгаа нь "Энэ хувьцааг зарахын тулд бид төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүйгээр тогтоож байна" гэсэн байна. Энэ бичиг 2016 оны 6 дугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Тэгэхээр уг 12 өдрийн хугацаанд Оросын зарах гэж буй 49 хувийг худалдаж авах 400 сая долларыг Монголын төр гаргаж чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал байна. Ярихад амархан. Бид мөнгө босгоод л авчих байсан гэнэ. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш хэлэлцсэн. Би энэ талаар танилцуулга хийхдээ санхүү, эдийн засгийн хувьд төр өөрөө 12 хоногийн хугацаанд худалдаж авах боломжгүй нь үнэн юм байна гэдгийг хэлсэн. Яагаад гэхээр чуулган завсарласан байсан. 

Нууцаас гаргасан Засгийн газрын тэмдэглэлийн 3 дугаар заалтад "УИХ-ын ээлжит сонгууль болж буйтай холбогдуулан УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласан ч гэсэн худалдан авсан талаар УИХ-д танилцуулан, хэлэлцээрийг соёрхон баталсан хуулиудыг хүчингүй болсонд тооцох асуудлыг УИХ-д оруулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан" гэсэн байгаа.

Хэрвээ төрд уламжлалт чанар байсан бол дараагийн УИХ бүрдэхэд энэ асуудлыг шууд хэлэлцэх боломж байсан. Харамсалтай нь үүнийг хийгээгүй. Эцсийн эцэст сайдын хувьд би ямар шийдэл дээр зогссон бэ гэхээр зарчим, бодлого хоёрын шийдэл дээр зогссон. Яагаад гэхээр төр нэгэнт худалдаж авах боломжгүй учраас хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг үгийн дагуу Монгол Улсад 49 хувь нь орж ирээд, Эрдэнэт үйлдвэр бүхэлдээ Монголын өмч болох нь зөв шийдэл гэж үзсэн. Үүнийг би өнөөдөр хүртэл дэмждэг. Тиймээс Засгийн газар ийм шийдвэр гаргасан гэж би ойлгож байгаа. 

Тус оны 6 дугаар сарын 19-ний хуралдаанд дээрх асуудлын танилцуулгыг би хийсэн. Ингэж л асуудлыг нэг тийш шийдсэн. 

Эрдэнэтийн 49 хувийн хулгай гэдэг бол өөр асуудал. Орос худалдахаа санал болгоод Монголд оруулж ирсэн нь огт хулгай биш. Энэ бол Засгийн газрын зөв шийдвэр. Харин энэ үйлдвэр цаашид ажиллахдаа улс төрийн хэлээр биш, эдийн засгийн хэлээр ярьж ажлаасай гэж би хүсэж байна" хэмээлээ.