УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 2 дугаар зүйл буюу “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр” тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Улсын төсөв батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардал нэмэх эсэх асуудалд гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, С.Чинзориг нар "Улсын төсвийг хэлэлцэн батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Үүнийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй гэсэн агуулга нь УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлаж байгаа тул дэмжих боломжгүй" гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар: "Энэ заалт нь парламент, судлаачдын түвшинд олон жил яригдсан. Хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын бодлогоо явуулах асуудлыг Үндсэн хуулийн түвшинд оруулах нь чухал. Монгол Улсад 10, 20 жилийн хугацааны хөгжлийн бодлогууд байдаг ч энэ нь хэрэгждэггүй, цаас болоод үлддэг. Тиймээс хөгжлийн бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн томьёоллоор оруулсан.  Гишүүд ч энэ асуудлаар хамгийн олон санал гаргасан"

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил "Өнгөрсөн 30 жилийн  туршлагаас харахад энэ заалтыг Үндсэн хуулиараа үүрэгжүүлэх ёстой гэж харж байна. Онолоороо ч гэсэн бусад улс орны туршлага ч ийм байдаг. Өргөн барьсан төслийн заалтыг Ажлын хэсэг сайжруулсан байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй гэсэн нь Засгийн газар зөвшөөрвөл зарлагаа нэмэгдүүлж болох юм шиг заалт байсан.  Харин үүнийг Ажлын хэсэг сайн ажиллаад “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.”

Ингээд Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлийн “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “нийгмийн хөгжлийн” гэсний дараа “бодлого” гэж, мөн заалтын “батлах” гэсний дараа “. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 2, 3 дахь өгүүлбэр” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16 дахь заалт буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  92.1 хувь нь дэмжлээ. Уг нь заалт нь “7/төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;” гэсэн байв. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нараас төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “батлах” гэсний дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт, дунд хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллагатай байна.” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “бодлого” гэснийг “дунд, урт хугацааны бодлого” гэж өөрчлөх саналаа татаж байгаагаа  мэдэгдлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Засгийн газрын өрийн дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.” гэсэн өгүүлбэр нэмэх саналын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, М.Билэгт, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Мөнх-Оргил, Ц.Гарамжав нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: "Манайх шиг жижиг эдийн засагтай улс дотоодын нийт бүтээгдээхүүнээсээ давсан өр үүсгэж болохгүй. Ер нь жижиг улс орнууд Үндсэн хуульдаа өрийн хязгаарын талаар тусгасан байдаг. Тиймээс Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоож өгөх ёстой гэж бид үзсэн. Засгийн газар мөнгө дутахаар өр тавьсаар байгаад өнөөдөр өрийн хэмжээ нэмэгдсээр байна. Иймд энэ асуудалд гишүүд өөрийн үзэл бодлоороо хандах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: "Төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Хуульд анх Засгийн газрын өр 40 хувиас хэтрэхгүй байна гэж тусгасан бол энэ нь жил бүр өөрчлөгдсөөр байгаад 2019 онд 75 хувьд хүрээд байна. Органик хуульдаа тусгасан ч яаж өөрчилж ирсний илрэл нь энэ.  Засгийн газрын өр 2016 - 2019 онд 6 их наяд төгрөгөөр  нэмэгдсэн байна. Энэ нь бидний төсөвтөө  хэрхэн хандаж, сахилга хариуцлага ямар байгааг харуулна. Иймд Үндсэн хуульд энэ заалтыг оруулах шаардлагатай" 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Амьдрал баян тул төсөв, санхүүтэй холбоотой бүх асуудлыг Үндсэн хуульд суулгаж болохгүй. Нөгөөтэйгүүр, дотоодын нийт бүтээгдэхүүн гэдгийг нэрлэсэн үнээр юм уу, өнөөгийн үнэ цэнээр үү гэдэг нь тодорхой биш байна. Ер нь эдийн засгийн хямралтай, хүнд үед зээл авахаас аргагүй болоход Үндсэн хуулиа зөрчсөн асуудал гарах вий” 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: "Энэ заалтыг дэмжихгүй байгаа. Үндсэн хуулийн арван зургаагийн 2-т Монгол Улсын иргэний эдлэх эрхийг баталгаатай эдэлнэ гэж зааж өгөөд, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж тусгасныг тодотгов. Тэрбээр, сүүлийн 20 гаруй жил иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаатай эрхээр хангагдаагүйн гол шалтгаан нь төсөв, өрийн хязгаараас болоод хөрөнгө оруулалт хийж чадаагүйтэй холбоотой. Тиймээс Засгийн газарт эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл гэсэн асуудалд  томоохон  хөрөнгө оруулалт хийж, дараа нь өрөө төлөх боломжийг олгомоор байна. Засгийн газар байгаа мөнгөндөө тааруулж хөрөнгө оруулалт хийхээр эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл салбарт хэдэн үеэрээ хохирох асуудал тулгараад байна гэж байлаа"

Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувь нь дэмжсэнгүй. 

Мөн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмэх саналын талаар Д.Лүндээжанцан тайлбарлав. Тэрбээр, Ерөнхийлөгчийн ирүүлсэн уг санал Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх гэдэг нь нэгдүгээр зүйлдээ холбогдох боловч ард нийтийн санал асуулгатай нь холбоод Хорин тавдугаар зүйлд оруулж, саналын томьёоллыг найруулгын хувьд зассан гэлээ.  Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар уг саналыг дэмжиж байгаа илэрхийлсэн. Ингээд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.

 Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн  3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалт буюу Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг  “2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь дэмжсэн. 

Түүнчлэн Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батална.”гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь дэмжив.