УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ сарын 21-ний өдөр АТГ-аас намайг дуудаж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг гэх асуудлаар яллагдагчаар татах Прокурорын тогтоолыг танилцуулсан. Яллагдагчаар татсан тогтоол гарсан нь үнэн. Үүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авсан. Үүнээс хойш маш шуурхай буюу долоо хоногийн дотор яллагдагчаар татах прокурорын 75 тоот тогтоол гарсан байна. 

Иргэнийхээ хувьд энэ асуудалд өгөх мэдүүлэг болон тогтоолтой танилцахыг хууль журмын дагуу гүйцэтгэсэн. 

Мөрдөн байцаагчтай уулзсаны дараа хэвлэлүүдээр яллагдагчаар татсан тухай болон татсан үндэслэлийн тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээллүүд гарсан. Би хуулийн дагуу энэ асуудалд ямарч улстөржилтгүйгээр, олон нийтэд сенсаци цацахгүйгээр өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тийм байтал энэ талаар мэдээлэл гарсан нь миний гайхшралыг төрүүлж байна.

Яагаад гэнэт эх сурвалжгүй мэдээллүүд өчигдөр цацагдав. Үүнийг ажиглаад харахад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны асуудлаар, мөн миний нэртэй холбоотой асуудлыг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Эдгээрийг уялдуулаад харахад улстөржсөн шинжийг агуулж байна гэсэн дүгнэлт надад төрж байна. 


Тиймээс би өнөөдөр АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор хоёрт хүсэлт хүргүүлж байна.

"Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 дахь хэсэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын материалыг Прокурорын зөвшөөрлөөр, бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно гэж заасан байдаг. Надтай холбоотой асуудал уг заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж би үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү" гэсэн хүсэлтийг хүргүүлж байна. 

Мөн АТГ-ын дарга З.Дашдаваад бас хүсэлт гаргалаа. Үүнд "Яг ийм үндэслэлээр, зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл дэлгэн, улстөржсөн үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг анхааралдаа авна" гэсэн хүсэлт гаргаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахтай холбоотой асуудлаар нийгэмд олон янзын зөрүүтэй санал бодлууд явж байгаа. Гэхдээ ихэнх нь 49 хувийг хэсэг нөхдүүд хулгайлсан мэтээр ойлгож буйг би олйгож байна. Гэхдээ надад нэг л зарчим байгаа. ОХУ-ын компанийн өмчид байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улстөрийн шийдвэр гаргаж, Монголдоо оруулж ирсэн шийдвэрийг би зөв гэж харж байгаа. Энэ асуудлаар АТГ-т над дээр мөрдөн байцаалт явуулж байгаа. Үүний учир нь олдох байх.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Энэ асуудал улс төрийн шинж чанартай болж буй нь ойлгомжтой болж эхэллээ. Би уг нь шударга бусын хонгил нураад, шударга ёс тогтож, шинэ удирдлагууд томилогдож асуудалд өөрөөр хандах болов уу гэж найдаж байсан. Өөрөөр хэлбэл, би хуулийн байгууллагад шалгуулах үедээ хулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл яг хуучин арга явж эхэлж байна. 

Би яагаад хуучин арга гэж байна вэ гэхээр, урьдчилан сенсаци тарааж, нотлогдоогүй мэдээллийг эх сурвалжгүйгээр гаргаж, түүнийг нь хэвлэл мэдээллээр сэвдэг үе шатттай үйл ажиллагаа явуулж буйг маш буруу гэж үзэж, энэ асуудал шинэчилэгдээгүй юм байна гэж харж байна" хэмээн мэдэгдлээ.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.