УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдэгдлээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  "АН-ын бүлгээс өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд УИХ-ын дарга боло Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагын дагуу тодорхой хариу авч, хариу ирүүлэхгүй бол бид өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын дарга бидэнд УИХ-ын дэгийн тухайн хуулиа баримтлан хуралдаанд орох ёстой гэсэн хариу бичиг ирүүлсэн. Харин Засгийн газраас ямар ч хариу өгсөнгүй, асуудал улам даймжрах шинжинд орж байна. Тиймээс бид энэ асуудлыг ямар ч байсан нэг тийш нь болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Тэгэхээр бид дахин дараах шаардлагыг тавьж байна.

1. УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна.

2. Сонгогчдын итгэлийг алдаж, хөсөрдүүлэн шударга ёс, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, өөрийн компаниуддаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.

3. Энэ бүхнээс алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлуудыг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж манай намын бүлэг үзэж байна.

Монгол Улсын 2019 оны төсөв нь үндэсний эдийн засаг, аюулгүй байдал, хүн амын нийгмийн хөгжлийг хангах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, хууль дээдлэх тухай Үндсэн хуулийн заалтыг мөн зөрчсөн. Тиймээс эдгээр зөрчлийг арилгатал АН-ын бүлэг чуулганы хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна. Зөрчлийг арилгасны дараа хуралдаанд оролцоно" хэмээлээ.

Үүний дараагаар УИХ дахь АН-ын гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа.