Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвартын эмч Д.Эрдэнэжаргалтай В, С, дельта вирусын өвчлөл түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

-В, С вирус хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Элгийг гэмтээх олон шалтгаан бий. Гол шалтгааны нэг нь В С болон дельта вирус. Хүний биед халдварлаж оронгуутаа маш түргэн хугацаанд эд эсийг гэмтээдэг. Гурвуулаа цусаар дамжина. Хэрэв вирустэй хүн гэмтэж цус гарчихсан байхад таны арьсны аль нэгэн газар нь шалбарсан газар хүрчихвэл шууд вирусын халдвар авдаг. Бас эхээс урагт, мөн бэлгийн замаар ч халдана.

-Сүүлийн үед тархалт нь  ихсэх хандлагатай байгаа гэж сонссон. Насны хувьд хэдэн насныхан илүү өртөж байна вэ?

-Сүүлийн үед идэр насны залуусын дунд В, С вирусын халдвар эрс ихэссэн. Шалтгаан нь тодорхой. Вирусын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хануур хийлгэх, зүү тавиулах, шүдээ авахуулах эсвэл хөмсөг уруул гээд төрөл бүрийн шивээс, гоо сайхны ажилбар хийлгэж халдвар авсан байдаг. Эдгээр үйлчилгээ үзүүлж байгаа газруудын ихэнх нь тоног төхөөрөмж, багажаа эмнэлэгийн аргаар ариутгадаггүй. Үйлчлүүлж байгаа хүнд бол нэг удаагийн хэрэгсэл задалж хэрэглэдэг ч тухайн тоног төхөөрөмжөө гүйцэд ариутгаж чадахгүй байна. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг гоо сайхны газрууд нь ч олон болчихсон. Иргэд маань өөрсдөө мөнгө төлөөд халдвар авчихаад байна шүү дээ. 

-Хумсны хутгаар вирусын халдвар тардаг гэсэн яриа байдаг. Ийм замаар халдвар тарах уу?

-Хүмүүсийн ихэнх нь халдварт шараар өвчлөөгүй л бол өөрийгөө элэгний вирусгүй гэж боддог. Гэтэл халдвар олон эрсдэл бий. Хамгийн энгийн жишээ гэхэд ихэнх айл дундаа нэг л хумсны хутга хэрэглэдэг. Гэтэл хумсны хутга хэрэглэнэ гэдэг хүний биед жижиг мэс ажилбар явагдаж байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ С вирустэй хүн санамсаргүй хуруугаа эсгэчихсэн бол дараагийн хэрэглэсэн хүн халдвар авах магадлал өндөр. Шүдний сойз ч ялгаагүй. Айлууд ихэвчлэн сойзоо нэг аяганд хадгалдаг.  Гэтэл амны хөндийн салст гэмчихсэн, хоолой өвдчихсөн байхад цус гарамтгай байдаг. Хэрэв энэ үед вирустэй хүний хэрэглэсэн сойзтой хамт тавьбал мөн л халдвар авах эрсдэлтэй. Үүнээс гадна сахлын хутгыг дамжуулан хэрэглэхгүй байхыг зөвлөмөөр байна. Уг нь сэргийлэх боломжтой ч хүмүүс эрүүл мэндийн мэдлэг тааруухан байгаагаас төдийлэн буурахгүй байна. 

-Вирусын халдвар авсан гэдгээ хүн яаж мэдэх вэ?

-Хоолой мах авахуулахад залгиур хоолой өвддөг, шүд авахад буйл хөндүүрлэдэг. Харин бол элэгний вирус хүнд зовиур өгдөггүй учраас хүмүүс хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг тал бий.  Тийм учраас заавал эрт илрүүлгийн шинжилгээ өгөхийг зөвлөе. 

-В, С вирус эмэнд дарагдах уу?

-Элэгний вирус бие махбодид орчихсон л бол ханиадны вирус шиг эм уугаад дарагдана гэж байхгүй. Хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь элэгийг нь гэмтээж  хатууралтай цаашлаад хавдартай болгоно. Одоогоор зөвхөн С вирусын эмчилгээ анагаах ухаанд нэвтрээд байгаа. Энэ эм вирусыг устгах биш идэвхгүй болгодог. Тиймээс С вирус авсан бол эмээ ууж идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. Эмчилгээ хийлгэж байхдаа хамгийн их гам алддаг зүйл бол архи, даарч хөрөх, ханиад томуу тусах гэх мэтээр дархлаагаа сулруулах явдал. Хэрэв халдвар аваад эмчилгээ хийлгэхгүй 15 жилээс хойш болвол элэгний хавдараар өвчлөх магадлал өндөр.

Манай дүүргийн хувьд саяхан 40-65 насныхан дунд явуулсан эрт илрүүлгийн шинжилгээр С вирус халдвар нэлээн их гарсан. Асуухаар ихэнх нь бараг 80 хувь нь хөмсөг, шивээс хийлгэсэн, шүдээ авахуулсан байсан. 

-В С вирусны ялгааг тайлбарлавал?

-Халдвар авч байгаа шалтгаан нь ижилхэн. Харин авсан вирусынх цөм агуулгаараа ялгаатай. Зовиур нь ижилхэн хоёулаа элгийг гэмтээнэ. Дельта вирус В, С вирус шиг дангаараа хүний биед ороод элгийг өвчлүүлж чаддаггүй. Д нь согогтой вирус учраас зөвхөн В вирусын архаг халдвартай хүмүүст л халддаг. Хэрэв эрт илрүүлгийн шинжилгээгээр В вирус илэрсэн л бол заавал дельта вирусээ шалгуулах хэрэгтэй. 

-Дельта вирус хамгийн хүнд хэлбэрээр өвчлүүлдэг гэсэн үнэн үү?

-Элэгний Д буюу дельта вирус нь хүний элэгний вирусээс хамгийн хүнд хэлбэр нь. Өөрөөр хэлбэл, хамгийн хурдан хугацаанд элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдэг хоруу чанартай. Вирус цусаар дамжиж элэгний эсийг гэмтээж эхэлдэг.  

Гурван сая хүнтэй Монгол Улсад уг вирусын халдвартай 120 мянган хүн бий. Гэтэл 740 сая хүнтэй Европийн холбооны улсад элэгний Д вирусийн халдвартай 120 мянган хүн байна.

-Эдгээр вирус тусахаас хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

-Хамгийн багадаа жилд нэг удаа заавал элэгний вирусийн шинжилгээ хийлгэх ёстой. Шинжилгээ хийлгээд В вирус илрээгүй тохиолдолд шууд вакцин хийлгэх хэрэгтэй. В вирусын урьдчилан сэргийлэх вакциныг заавал гурван удаа хийлгэж байж дархлаа тогтдог. Харин С вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал. 

-Элэгний өвчлөл нас баралтын гол шалтгаан гэж байна. Хэчнээн хүн энэ өвчнөөр нас барсан байна вэ?

-Монголд жилдээ 16-17 мянган хүн нас барж буй гэсэн статистик судалгаа байдаг. Үүнээс үзэхэд 15 орчим хувь нь  элэгний өвчнөөр хорвоог орхиж байна гэсэн үг.  Манай улсад өдөртөө энэ өвнөөр 7 хүн нас  барж байна.