Д.Жаргалсайхан: Эрх чөлөө гэж хүний бүтээгч байдалд саад болохгүй байхыг хэлнэ

Хүдэрчулууны Хулан
08 сарын 28, 2025

Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн асан, өдгөө Системийн инженерчлэлийн институтын тэргүүн Д.Жаргалсайхантай Үндсэн хууль хэрхэн  иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үзэл санааны хөтөч болдог талаар ярилцлаа. 


            Хамгийн хортой зүйл бол бидний оюун санааны эмх замбараагүй байдал

-Үндсэн хууль бол үндэсний нийтлэг эрх ашгийг хамгаалах үзэл санааны хөтөч мөн болохыг та хэрхэн тодорхойлох вэ? 

-Монгол Улсыг 3.5 сая хүнтэй гэр бүл гэж үзвэл гишүүн бүр нь хүлээн зөвшөөрсөн, албан ёсны зөв буруугийн шалгуур хэрэгтэй. Энэ шалгуур маань Үндсэн хууль. Хүмүүс бие биентэйгээ харилцахад заавал баримтлах ёстой шалгуур, зарчмуудыг Үндсэн хуулиар тодорхойлчихсон. Энэ утгаараа Үндсэн хууль маань манай нийгмийн 3.5 сая гишүүнийг бүгдийг нь нэгтгэж байгаа үзэл санаа, үзэл баримтлалын нийтлэг хөтөч нь. Бас зөв, буруугийн хатуу шалгуур мөн. 

Үндсэн хуульгүй бол нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ. Үүнээс хамгийн хортой нь бидний оюун санаанд гарч байгаа эмх замбараагүй байдал. Оюун санааг маань хашиж, цэгцэлж өгөх бидэнд байгаа хамгийн хүчирхэг зэвсэг бол Үндсэн хууль. 

-Үндсэн хууль бидний амьдралд хэнийг ч ялгахгүйгээр, шууд хамааралтай оршдгийг батлах зарим жишээг та дурьдаач? 

-Манай нийгэм одоогоор томоохон хоёр өөрчлөлтийн явцыг туулж байна. Эхнийх нь хуучин социалист тогтолцооноос бид ардчилсан тогтолцоо руу шилжсэн явдал. Үүнийг хүн бүр мэднэ. Энэ бол бидний оюун санаанд гарч байгаа маш том өөрчлөлт боловч тэрхүү өөрчлөлт нь хэцүүхэн явж байна.

Бичлэг үзэх:

 

Хуучин нийгэмд Төр бидний өмнөөс шийдвэр гаргаж, сайн, мууг шийддэг бүтэц байсан бол өдгөө Үндсэн хуулиар төр иргэддээ үйлчилдэг бүтэц болчихсон. Тэгсэн хэрнээ л төр биднийг залдаг, чиглүүлдэг, хянадаг, шийтгэдэг, шагнадаг ойлголт нь хэвээрээ.   

Хоёр дахь том өөрчлөлтөд судлаач нар барагтай л бол анхаарал хандуулахгүй байгаа юм. Монголд хүн амын талаас илүү хувь нь суурин газарт амьдарч байна. 

Суурин газар, хөдөө алс нутаг гэдэг амьдралын хэв маягийн хувьд ялгаатай. Суурин газрынхан хүссэн ч, хүсээгүй ч бусадтай хамт ажиллахын зэрэгцээ, хөрш зэргэлдээ амьдарч байгаа хүмүүстэйгээ өдөр тутамд харилцаа үүсгэж байгаа. Хөдөө хээр ганц гэрээрээ амьдарч байгаа хүнд адуугаа унаад дуугаа чангахан аялаад явахад бусдын эрх ашиг хөндөгдөх гэж зүйл байхгүй мэт санагдаж болох. Гэвч тийм биш юм.

Өнөөдөр хөдөөгийн залуус хот руу олноор орж ирж, хүссэн хүсээгүй нийгмийн харилцаанд орж эхэлж байна. 

Хөдөө амьдрахад зохицсон сэтгэлгээгээр хотод амьдрах боломжгүй. Гэтэл хөдөө амьдарч байсан дадал зуршлаа өөрчлөхгүйгээр тэр хэвээр нь хотод амьдрахдаа хэрэглээд, үүний улмаас бусад хүнтэй ихээхэн зөрчилдөж байна. Бусад хүний эрх ашгийг алхам бүрдээ зөрчиж байгаагаа мэддэггүй. Хууль, дүрэмд захирагдах ёстойгоо ч ойлгодоггүй. 

Тэгэхээр аль ч уулын мухарт байгаа хүн хуулийн дор л амьдарна. Хүнтэй гэр бүл болж, наад зах нь Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалт дор амьдарч таарна. 

Энэ бол хоёр дахь томоохон өөрчлөлт. Энэ хоёр том өөрчлөлт манай улсад зэрэгцээд явж байгаагаас болоод нийгмийн харилцаанд олон асуудлыг үүсгээд байна. 

Тийм учраас л бид Үндсэн хуулиа мэддэг, сахидаг, бусад хуулийг ч сайн таньж мэдэж, дагаж мөрддөг байж гэмээ нь баталгаатай амьдрах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Зөвхөн мэддэг байгаад зогсохгүй, Үндсэн хуульд заасан эрхээ түшмэдүүдээс нэхдэг байх ёстой. 


    Үндсэн хууль бидэнд 18 биш, 97 эрх олгодог

-Та Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж байхдаа Үндсэн хуульд системийн инженерчлэлийн аргаар судалгаа хийсэн шүү дээ. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач? 

-Би инженер хүн. Тиймээс системийн инженерчлэлийн аргыг хэрэглэж 2018 онд нэгэн сонирхолтой судалгааг хийсэн. Энэ бол юмс үзэгдлийг бүхлээр нь, цогцоор нь төсөөлж, загварчлах арга. Зүйрлэх юм бол байшингийн суурь, дээвэр, баганууд ямар байна вэ, давхруудад нь юу байна вэ, байх ёстой зүйлүүд нь байна уу гэдгийг системийн инженерчлэлийн  аргаар бүхэлд нь загварчилж харсан. 

Ингэж бүтнээр нь харахад манай нийгэм нэгдмэл зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой үүрэг хүлээдэг, тэр үүргүүд нь хоорондоо харилцан уялдаатай, хүмүүс хоорондоо харилцахад баримтлах ёстой хэм хэмжээг заачихсан байдаг юм байна. 

Энэхүү шинжилгээг хийсний үр дүнд бид Үндсэн хуульд орсон үг болгоны утгыг таньж мэдсэн. Дараа нь Үндсэн хуулийн 70 зүйлээр одорхойлсон үүрэг, хэм хэмжээнүүдийг харилцан уялдаатай цогц шийдлийн эхлбэрт оруулж загварчилсан. өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар тодорхойлсон үзэл баримтлалыг нэг загварт оруулсан хэрэг. Уг загвараа ХЭТ-16 гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү 70 зүйлтэй хууль маань “Хүний Эрх Төвтэй нийгмийн үзэл баримтлал байна” гэж үзсэн хэрэг. “16” гэдэг нь  Үндсэн хуулийн 16 дугаар заалт буюу энэ хуулиар “Монгол Улсын иргэн бүрт баталгаатай эдлүүлнэ” хэмээн баталгаажуулж амласан 18 багц эрх, эрх чөлөө байгаа юм. Энэ бол манай нийгмийн нэгдмэл зорилго.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төр, намууд, иргэд, хувийн бизнесүүд бүгдээрээ үүрэг хүлээж оролцох ёстой гэсэн үг.

Нэрт хуульч Б.Чимэд гуай, “Үндсэн хууль бол алган дээр тавьсан Монгол Улс” хэмээн хэлсэн нь, 7100 гаруй үгнээс бүрдэж байгаа энэхүү Үндсэн хуулийг бүтнээр нь харах юм бол Монгол Улс тэр чигээрээ багтчихсан байна гэсэн санаа.

Ингэж бид Б.Чимэд гуайн хэлээд байсныг ойлгохуйц арай хялбаршуулсан загвар руу оруулсан юм. Мэдээж, энэ тийм төгс төгөлдөр судалгаа болоогүй. Гэхдээ л Үндсэн хуулиар тодорхойлсон нийгмийн зорилго, зарчим, үнэт зүйлсийг хооронд нь харилцан уялдаатайгаар загварт оруулж чадсандаа олзуурхаж, гол ач холбогдол нь гэж харж байгаа юм.

“Байшин маань ийм байх ёстой” гэдэг загвар гараад ирчихвэл түүндээ нийцсэн боловсрол, эрүүл мэнд, төрийн тогтолцоо ямар байх ёстойг тодорхойлж гаргаж ирэх боломжтой. Ингэж томоор нь харахгүйгээр нийгмийн гишүүдийн хэрэгцээнд нийцсэн боловсролын загвар, тогтолцоог гаргаж ирэх боломжгүй юм билээ. 

Тэгэхээр, Үндсэн хууль маань бидний монголчуудыг нэгтгэх, ирээдүй өөд хөтлөх, магадгүй ойрын хэдэн арван  жилдээ баттай хөтөч болж чадах “алтан гадас” од гэж миний бие хэлмээр байгаа юм. 

Түүнчлэн бид ХЭҮК-той хамтраад Үндсэн хуулийн 16 дугаар зүйл дэх 18 багц  эрхийн үг болгоныг тодорхойлж, мөн Үндсэн хуулийн 16-д орсон багцалчихсан эрхүүдийг задалж үзсэн юм. Тухайлбал, “Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн заалтыг шалгаж, хэмжиж болдог нэгж хэсгүүд рүү задалсан. Ингээд нэгдүгээрт, “Иргэн эрүүл орчинд амьдрах эрхтэй”. Хоёрдугаарт, “Иргэн аюулгүй орчинд амьдрах эрхтэй”. Энэ бол нийтдээ хоёр эрх. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 18 багц эрхийг задлахад нийт 97 нэгж эрх болж задарч байна лээ. Нэгж эрх гэдэг нь тухайлан хэмжиж шалгаж болдог эрхийг хэлдэг.  

-Үндсэн хуулиа хүн болгонд хүргэхийн тулд яг юунаас эхлэх вэ? 

-Үндсэн хуулийн толгой хэсэгт, “Иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлооно” гэсэн байдаг. Төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх орчин нөхцлийг бүрдүүлж өгч байгаа л бол тэр нийгэм маань иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм юм байна. Маш энгийн.

Эрх нь хангагдаж байгаа иргэн бүр өөрсдөө бүтээгч болдог юм байна. Заавал төрөөс юм нэхээд байхгүй болно. Энэ тухай хүний суурь хэрэгцээний тухай бүхэл бүтэн онол бий. Эрх чөлөө гэдэг бол тэр хүний бүтээгч байдалд саад болохгүй бай гэсэн үг юм. 

Нөгөө талаас, иргэн Д юм бүтээх гээд явж байхад нь иргэн Б ямар нэгэн байдлаар саад хийж магадгүй. Тэгвэл иргэн Б өөрийнхөө эрхийг эдлэхдээ бусад иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхэд саад учруулж болохгүй гэдгийг л заасан. 

Ингэж Үндсэн хуулиа олон талаас нь, цогцоор нь харж таньж мэдэхгүйгээс болоод манай нийгмийн дунд хэрүүл маргаан, тэмцлүүд үүсээд байна шүү дээ.   


      Хууль бол сэтгэл хөдлөлийг захирах арга хэрэгсэл 

-Таны ярьснаас бодоод үзтэл, би өглөө гэрээс гарахаас эхлээд л өөрийнхөө ая тух, аюулгүй байдалд санаа тавих явцад бусад хүний зүгээс надад ирсэн санаатай санамсаргүй сөрөг хандлага бүрт хариу үйлдэл үзүүлэхдээ хэм хэмжээ баримталж байгаа нь өөрөө ч анзааралгүй хуулийн дор амьдарч байгаагаа ухамсарласан үйлдэл юм байна шүү дээ?

-Яг тийм. Дээр өгүүлсэн 18 дугаар зүйл дэх 97 шалгуурыг л та хангаад яваад байгаа хэрэг шүү дээ. Гадаадад байгаа монголчууд маань ихэвчлэн холбогддог нэг гэмт хэрэг бий. Хүнд уурлангуутаа зодчихдог. Гэтэл гаднынхан хэчнээн уурласан ч биеэ бариад л орилоод байдаг юм билээ. Хууль тэрхүү сэтгэл хөдлөлийг захирах арга хэрэгсэл байхгүй юу. Сэтгэл хөдлөл гэдэг цэгцгүй бодол санаанаас үүсэж байгаа тархин доторх өдөөлт. Уурлаж, бухимдах эсвэл баярлаж хөөрөх үедээ хүн эрүүлээр, сахилга баттайгаар сэтгэн бодох чадвараа алддаг. Манайхан сошиалаар хүмүүст яаж уураа гаргадаг билээ. Хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Нэг сэтгэл хөөрөлд автчихаад түүнийгээ зөв гээд бодчихсон. Үнэн хэрэгтээ бол сэтгэл санаагаа удирдаж чаддаггүй, галзуу хүнтэй л адилхан гэсэн үг шүү дээ.

-“Монголын хууль гурав хоног” гэдэг үг ямар учраас гарсан гэж та бодож байна вэ?

-Монголчууд эзэн Чингис хааны үеэсээ л хууль дүрэмд хатуу захирагддаг байсан шүү дээ. Харамсалтай нь, цагийн эрхээр, түүхийн олон нугачаан дунд энэхүү ёс жаяг сэтгэлгээ нь өөрчлөгдсөн.

“Монголын хууль гурав хоног” гэдэг үг үндсэндээ социализмын үед үүсчихсэн болов уу. Яагаад гэхээр, Москвад төвтэй коммунизмын үзэл баримтлал намаар дамжаад хэрэгжиж байсан учраас.  Намын дарга хуулиа хэрхэн тойрох аргаа сайн мэддэг байсан хэрэг.

Харин одоогийн (1992 онд баталсан) Үндсэн хууль 1960 оны Үндсэн хуулиас зарчмын хувьд өөр. Төр өөрөө иргэддээ үйлчилдэг бүтэц болчихсон. 

Үндсэн хууль яг энэ үзэл баримтлал, зарчмаараа явбал НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний суурь хэрэгцээний онолтой яв цав нийцэж байгаа юм. 

Харамсалтай нь бид хуулиа уншдаггүй, хэрэглэдэггүй нь нөгөө л хуучин социализмынхаа үеийн хандлагаар яваад байгатай холбоотой. Үүнээс болоод нийгэмд ихээхэн талцал, бэрхшээлүүд үүсэж байна. Цоорхойтой хуулиуд гарч байна. Түүнийгээ дагаад авилгал, хээл хахууль, хүнд суртал гэх мэт сөрөг үзэгдлүүд гарч эхэлж байна шүү дээ. 

Бид Манжийн эрхшээлд 100 гаруй жил, Москвагийн буюу коммунизмын үзэл санааны эрхшээлд байсны уршгаар бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон. Өөрийн гэсэн оюун санааны загвар гаргадаг, түүнийгээ хэрэглэдэг дадал зуршил байхгүй болчихсон. 

Тэгээд л бусдын юмыг дуурайгаад, “Оксфорд эсвэл Финланд гоё шүү дээ” гээд  бэлэн шийдэл хайгаад байдаг. Гэтэл монгол ахуй сэтгэлгээ, орчин, эдийн засаг, хууль эрх зүй өөр шүү дээ. 

Бидний тархи яачихсан гэж. Монгол тархи, монгол загвар байж болдоггүй юм уу? Монголчуудад тэр зэргийн оюуны потенциал байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байна.   

                    Үндсэн хуулийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусад нь бүлэг болгож оруулах шаардлагатай 

-Хүн болгоны тархинд “Та үндсэн хуулиа судалж, ойлгох ёстой” гэдэг тэр сэтгэлгээг ямар арга замаар суулгах ёстой юм бол? 

-Миний сонссоноор, Ерөнхийлөгчийн санаачилгаар МУИС-ийн дэргэд Үндсэн хууль судлалын төв байгуулсан юм билээ. Энэ маш чухал алхам. Хоёрдугаарт, заавал төрийн байгууллагуудыг хүлээгээд байхгүйгээр манай иргэний нийгмийн байгууллагууд чадах нөөцдөө тааруулаад оролцох ёстой.

Нөгөө талаар дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт бүр тусад нь нэг бүлэг болгоод оруулах шаардлагатай. Үүнийг цаг алдалгүйгээр эхлүүлмээр байна.

Албан байгууллагуудад мөн нийгмийн хариуцлагынх нь хүрээнд Үндсэн хуулийн мэдлэг мэдээлэл олгох үүрэг хариуцлагыг бий болгочихвол дорвитой өөрчлөлт гарах болов уу.

Ингэвэл иргэн бүр Үндсэн хуулиа яв цав мөрддөг, Үндсэн хуульд захирагдахыг төрийн бүхий л түшмэл, салаа мөчрөөс шаарддаг болно.  



Холбоотой сэдвүүд

хүний эрх үндсэнхууль

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.