УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Яг одоо тус хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулах эсэхийг хэлэлцэж байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чуулганы өчигдрийн хуралдаанд "Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж өгөхийг энэ улсын ХЗДХ-ийн сайдын хувьд УИХ-ын гишүүдээс хүсэж байна" гэснийг УИХ-ын гишүүд дэмжсэнээр өнөөдөр хэлэлцэж буй юм.

"Түр хороо" байгуулах эсэх талаарх өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Түр хороо" байгуулна гэдгийг ойлгож, дэмжиж байна. Мэдээж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар эрүүдэн шүүсэн, буруу шүүсэн, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар хөнөөсөн, хөнөөгөөгүй зэрэг маргаантай олон зүйл ярьж байгаа. Гэхдээ бид энэ парламентад хэлэх үгээ бас бодох ёстой. Эх орончдыг алчихдаг мэтээр Ж.Батзандан гишүүн ярьж байна. Эх орныхоо төлөө дуугарсан бүхнийг алаад хаячихдаг гэдэг ойлголтыг бусдад өгч байна. Яахав Монгол Улс дотороо бид ийм үг сонсдог юм байна. Гэтэл дэлхий ертөнц биднийг сонсож байгаа.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг зөв, буруу илрүүлсэн талаар надад мэдэх зүйл алга. Тиймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд авч үзэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эрүүдэн шүүлт, элдэв зүйл болсон гэдэгтэй хэн ч санал нийлэхгүй. Үнэхээр эрүүдэн шүүлт болсон эсэхийг бид дахин нягталж, хууль хяналтын байгууллагууд шалгаж, ямар зорилготой яах гэж эрүүдэн шүүсэн юм, ер нь Монголд ийм үйл явдал байдаг юм уу, байдаг бол яаж таслан зогсоох вэ зэрэг бүх зүйлд би санал нэг байна. 

Гэхдээ одоо бид юманд учиртай хандах ёстой. Ам л ангайвал МАНАН, мафын бүлэглэл, олигархиуд нийлж байгаад хүн алчихдаг гэсэн зүйл цацаад буйгийн заримтай нь би санал нийлдэггүй. Зарим хүн надад хэлдэг. "Та тэр хүний найз, та нар тэр хүний өмнө бөхийдөг" гэж хэлдэг. 

Би Ж.Батзандан гишүүнд тодорхой хэлэхэд "Таны хэлээд буй хүмүүс дотор миний найз нөхөд бий. Би тэр хүмүүстэй нийлж, ямар нэгэн арилжаа наймаа, хулгай луйвар хийдэггүй". 

Ер нь бол хэн нэгэн, өөр хэн нэгэнтэй нөхөрлөж явснаасаа болоод тэр хүн хулгайч, луйварчин, Монголын эд хөрөнгийг цөлмөдөг, нийлж идэж, уудаг гэж хэн нэгэн санаагаараа зохиож яриад, нийгэм түүнийг нь хүлээн зөвшөөрдөг болчих вий гэхээс би болгоомжилж байна. Бид Үндсэн хуультай. Хуулинд захирагдаж амьдрах ёстой. Үнэхээр хэн нэгэнтэй нийлээд, арилжаа наймаа хийгээд улс орноо худалдаад, хэн нэгнийг тамлан зовоогоод, алах, яллах төлөвлөгөө гаргаад, түүнийгээр хэрэгжүүлдэг зүйл байвал үүнийг хууль, хяналтын байгууллага тогтоож, холбогдох ялыг үүрүүлэх ёстой гэж би бодож байна. С.Зоригийн хэргийг нягталж, үнэн зөвийг тогтоох нь зүйтэй. Энэ бол нийгэмд хүлээгдэж буй асуудал" хэмээв.