УИХ дахь МАН-ын бүлэг Төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаар өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Бүлгийн хуралдааны шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2017 оны төсөвт хийсэн тодотголд бүхэлд нь хориг тавьсан тухай албан бичгийг энэ сарын 2-ны өдөр ирүүлсэн. Хориг тавьсан гол шалтгаан нь хүүхдийн мөнгийг 100 хувь өгсөнгүй, Төсвийн 300 мянган төгрөгийг төрийн албан хаагчдад хууль бусаар олгож байна, Төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан байна гэсэн гурван асуудлыг хөндөж, төсвийн чанар муудсан байна гэсэн утгатай хоригийг ирүүлсэн. Энэ хоригийн талаар өнөөдөр манай намын бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Бид төсвийн тодотголд ямар нэгэн хууль зөрчсөн үндэслэл алга гэж үзсэн. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудал эдийн засаг хүнд байгаатай шууд холбоотой. Бид хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа. 2020 он гэхэд 100 хувь олгох бодлого баримталж байна. 

300 мянган төгрөг бол урамшуулал биш. Энэ нь сахилга хариуцлагатай холбоотойгоор өгч буй асуудал. Ер нь сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэг ч удаа нэмэгдүүлээгүй. 2017 онд мөн цалин нэмэх боломж хомс байна. Тиймээс төсвийг эрүүл болгох, эдийн засгийн өсөлтийг нааштай болгох зорилгоор энэ шийдвэрийг гаргасан. Эхлээд тогтвортой орлоготой өрхийг бий болгож байж, дараагийн шатанд мөнгө тарааж өгөх тухай ажлыг шат дараатай хийх ёстой гэж үзэж байна.

94.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үндсэндээ төсвийн чанарыг 0.5 хувиар сайжруулсан. 60 гаруй төсөл хөтөлбөрийн дотор зохицуулалт хийж 94.5 тэрбум төгрөгийн тодорхой хэмнэлтийг гаргасан. Энэ бол хор хохиролтой зүйл биш. 

Төсвийн тодотгол хийх асуудлаар өнгөрсөн хугацаанд АН-ын бүлгээс хоёр ч удаа УИХ-ын даргад шаардах албан бичиг хүргүүлсэн. Төсвийн тодотгол хийх шаардлага гарцаагүй тулгарсан байсан. Тиймээс төсвийн тодотголыг хийсэн. Ингээд манай намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авахгүй гэж шийдлээ" хэмээн мэдэгдлээ.

Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ЭНДЭЭС уншина уу.