УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт товлосон ч ирц бүрдсэнгүй.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу чуулган ийнхүү хойшилжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа сэтгүүлчдэд яриа өглөө.

-12 дугаар сарын 31-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уулзсан гэсэн үнэн үү?

-Надад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уулзсан талаарх ямар ч мэдээлэл алга. Бидний хэдэн нөхөд төрийн ажил явуулах хэрэгтэй байгаа талаар ярьж хуралдаа ирлээ. Гэтэл УИХ нь хуралдахгүй байгаа нь сонин санагдлаа. Ний нуугүй хэлэхэд Засгийн газрын гишүүд өөрсдөө хуралдаа суух л ёстой. Эсрэгээрээ өөрсдөө хууль бус бойкот зарлачихаад байгаа нь ёс зүйгүй, арай л дэндсэн увайгүй асуудал юм. Энэ бол шуудхан хэлбэл төрийн дээр нам гарчихаад л цовхчихоод байна гэсэн үг.

-УИХ-ын дарга ажлаа өгчихөж болдоггүй юм уу?

-Энэ бол тухайн хүний өөрийнх нь шийдэх асуудал. Би өмнөөс нь хариулах эрхгүй. Өөрөө "Би хуулийн дагуу л ажлаа өгнө. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй" гэсэн. Ингэж байхад бид ажлаа өгөө гэж хэлж болохгүй.

Хэрэв энэ аргаар таалагдахгүй нэгнээ явуулаад байвал иймэрхүү жишиг, улс төрийн коридори бий болж мэднэ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг бий, ойлголцох байлгүй дээ.