Гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Natural Essentials" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Хулантай ярилцлаа. Багаасаа Германд өсч, Швейцарь, АНУ-д ажиллаж, сурч, амьдарсан тэрбээр үзэсгэлэнт хөдөө нутгаар аялж, гэртээ амрах дуртай аж. Хүнлэг, тэвчээртэй занг эрхэмлэдэг түүнийг “PEAK Today” буланд урьсан юм.

 

-Эмэгтэй хүн карьертаа амжилт гаргахын тулд гэр бүлээ, эсвэл өөрийгөө ч юм уу, ямар нэг зүйл золиослох ёстой гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Компани үүсгэн байгуулаад, удирдаж байгаа эмэгтэй гэлтгүй бүх эрэгтэй хүн ч золиос гаргадаг гэж боддог. Би бол наад захын чөлөөт цаг, эрүүл мэнд, эрсдэлгүй байдлаа золиосолсон. Жишээ нь ажил хийхийн хэрээр найз нөхөд багасдаг юм шиг. Тэр үед эмзэглэнэ, ядарна, шантарна, уурлана. Хэн л баасан гарагийн шөнө 12.00 цагт ажлаа хийгээд суухыг хүсэх билээ Харин одоо харахад тийм шийдвэр гаргасандаа баярладаг. Золиос гэхээс илүү мөрөөдөлдөө зориулсан хөрөнгө оруулалт гэж би хэлнэ. Одоо завтай хүмүүс олон жилийн дараа завгүй болоход би тэр үед нь хийдгээ хийчихсэн, завтай байх ч юм билүү.

-Амжилтад хүрэхийн тулд хүн олон зүйлээ хаядаг ч хэзээ ч алдаж болохгүй ганц үнэт зүйл таны бодлоор юу вэ?

-Амжилтыг мөнгө, эрх мэдэл, дарга болох гэх мэтээр төсөөлбөл хандлага аяндаа буруу тогтоно. Хэрэв хүний хүрэхийг хүссэн амжилт нь сайн сайхан, зөв зохистой зүйл бол түүнд хүрэх замаа ч эрхгүй зөв сонгоно. Гээж болохгүй үнэт зүйл бол өөртөө үнэнч байдал, бусдад хүнлэг хандах юм даа.

-Таны амьдралын хэв маяг сонирхолтой санагддаг. Өөрийн гэсэн бизнесээ удирдаж, хөдөөгөөр аялж, олон улсын хуралд оролцоод л. Таны хамгийн таашаадаг зүйл аль нь вэ?

-Би хөдөө явах хамгийн дуртай, хөдөө явахаараа эрх чөлөө, аз жаргал мэдэрдэг. Саяхан найзыгаа гадаад явахад нь гаргаж өгчихөөд сэтгэл хөдлөөд тэр чигтээ Архангай явсан. Боломж олдвол л хөдөө явж, ажил, амралтын тэнцвэрээ хадгалахыг хичээж байна. Нэг хэсэг бол өөртөө цаг гаргалгүй зөвхөн ажлаа хийсэн. Ирээдүйд боломж олдвол гадаадын үзэсгэлэнт байгальтай газруудаар аялахыг мөрөөддөг.

-Та ямар хүүхэд байсан бэ. Янз бүрийн зүйл туршдаг, бүтээлч байсан байх даа?

-Хэтэрхий идэвхтэй, бүх зүйлийг туршиж үздэг, нийтэч хүүхэд байсан. Ангийн дарга хийж, дугуйланд тогтмол явж, сайн дурын ажилд оролцон, дуулж, бүжиглээд, чадахгүй хэрнээ л юм бүхэнд оролцох дуртай байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам эсрэгээрээ болж, сониуч зан маань л хэвээр үлдэх шив. Би маш сониуч, юм бүхнийг мэдэхийг хүсдэг сонин зантай. Ингэж өөрчлөгдсөн нь ажил ихтэйгээс, бас Lhamour-ыг эхлүүлсэнтэй холбоотой байх. Lhamour-ын ачааар үнэ цэнийн тухай ойлголт минь өөрчлөгдлөө. Өмнө нь баасан гарагт аль болох гадуур найзуудтайгаа л байвал сайхан санагддаг байлаа. Одоо бол урт ажлын өдрүүдийн төгсгөлд гэртээ, гэр бүлээрээ тайван амрах надад үнэ цэнэтэй болчихоод байна. 

-Та өглөө хэдэн цагт сэрдэг вэ?

-Би 07.30 цагт сэрүүлэг тавиад 08.00 орчимд босдог. Усанд ороод, биеэ бэлдээд гарахад 30 минут л зарцуулна, их хурдан бэлэн болдог. Шөнийн цагаар би их сэргэг, олон ажил амжуулдаг болохоор 02.00 цагаас өмнө бараг унтдаггүй. Тийм болохоор өглөө өөртөө цаг зарцуулахаас илүү унтах дуртай.

-Хувцаслалтдаа хэр анхаардаг вэ?

-Би хувцаслалтдаа нэг их анхаардаггүй, шүүгээгээр минь дүүрэн хар өнгийн хувцас бий. Урдаа 10 хар өмд тавьчихаад л алийг нь өмсөхөө сонгож ядна. Сүүлийн үед олон улсын хурал, арга хэмжээнд оролцохдоо монгол дизайнеруудын дээл хувцас өмсдөг болсон. Би ерөнхийдөө минималист хүн л дээ, байгальд ээлтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хийж байж саатай, гял цал болсон ягаан хувцас өмсөх нь бас хаашаа юм.

-Та хүүхэд, залуучуудад багшилж, сургуулиудад илтгэл тавьдаг. Тэдэнд хэлдэг гол зүйл юу вэ?

-Өөртөө итгэ, өөрийгөө таньж ойлго гэж их хэлдэг юм уу даа. Миний анзаарснаар, өөрийнхөө дуртай, дургүй зүйлээ ойлгоогүй, хүслээ мэдэхгүй хүн олон байна. Хүсээгүй мэргэжлээрээ сураад, мөнгөнөөс болоод дуртай, дургүй ажлаа хийдэг, эргээд үүнээсээ болж аз жаргалгүй, дарамттай амьдардаг хэцүү дүр зураг харагддаг. Өөрийгөө юунд дуртай, юунд дургүйг мэдэхийн тулд маш олон ажил хийх хэрэгтэй.

Би Германд байхдаа кофе шоп, буудалд ажиллаж, зөөгч хийж байлаа. Тухайн үед мөнгө олохын тулд ажиллах шаардлагатай байсан ч нөгөөтээгүүр өөрийгөө таньж “Би хэзээ ч зөөгч дахиж хийхгүй” гээд илүү хөдөлмөрлөх ёстойг ойлгосон. Монголд болохоор жижиг сажиг цагийн ажлууд хийж үзэлгүй, их сургуулиа төгсөөд шууд л том ажилд орчихдог. Эргээд хэдэн жилийн дараа гэнэт ажилдаа дургүй болдог ч юм уу, хугацаа алддаг юм шиг санагдсан.

-Гадаад явсан хүнийг үлдэж байгаа нь их жаргалтайгаар төсөөлдөг. Сайхан газраар аялж, мундаг сургуульд сурлаа гэдэг ч юм уу. Энэ бодит байдалтай хэр нийцдэг вэ?

-Би АНУ руу явахдаа 100 хувийн тэтгэлэг авч явсан болохоор маш их хариуцлага, дарамт дагаж ирсэн. Тухайн үед Нью-Йоркд сурсан ч өдрийн 10 гаруй цагийг цонхгүй номын санд өнгөрөөж, хотоороо ч зугаалж амжаагүй. Амьдардаг байр маань цонхгүй, нэг өрөө, ор, гал тогоо хоёр нь наалдчихсан, орон дээрээ хоолоо иддэг байлаа. Сэтгэл санаанд ч амаргүй. Энд бол ээж, ааваа санасан ч хажуу байр руу ороод ч юм уу, 20 минут яваад л оччихно, гадаадад ганцаардвал хэцүү. Тиймээс сэтгэлзүйн бэлтгэлтэй байж, өөрийгөө дайчлах хэрэгтэй.

-Lhamour-ыг үүсгэн байгуулсан туйлын зорилго юу байв?

-Нэн тэргүүний зорилт бол бүх насны, эмзэг арьстай хүмүүст зориулсан гоо сайхны гэхээс илүү эмчилгээний №1 арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Мөн чанартай Монгол бүтээгдэхүүн гаргаж, олон улсад таниулах. Бид нар өөрсдийгөө агуу түүхтэй, үзэсгэлэнтэй байгальтай, агуу орон гэж боддог ч гадаадууд биднийг мэддэггүй, эсвэл зөвхөн өнгөрснөөр нь л бодож, төсөөлдөг. Чингис хааныг мэддэг хүн ч цөөрч байгаа нь харамсалтай. Тиймээс монголчууд ч чанартай бүтээгдэхүүн, брэнд хийж чаддагийг харуулах туйлын зорилго бий. Гэхдээ зорилгынхоо нэг хувьд нь ч хүрээгүй байна даа.

-Таны баг хэр бүрдэж байгаа вэ. Старт-апт баг бүрдүүлэлт их чухал байх, тийм үү?

-Мөрөөдлийн баг бүрдүүлэх амар биш. Олон улсад брэнд гаргасан туршлагатай хүн манайд ховор. Гэхдээ чадварлаг баг бүрдүүлэхийн тулд өөрөөсөө эхэлж, оффисын соёл бий болгож, шаардлагаа анхнаасаа ойлгуулж байж хүмүүсийг авч үлддэг юм билээ. Манай баг хамт олон маш их сэтгэл гаргаж ажилладаг, туршлагыг бол харин хамтдаа бий болгохоор хичээж байна даа.

-Lhamour түүхэн хуанлийнхаа дөрөв дэх хуудсыг нээлээ. Та юунд хамгийн сэтгэл өндөр байна вэ?

-Бид маш хурдтай ажиллаж, богино хугацаанд их зүйл амжуулсан. Олон улсын шагнал авах, шинэ дэлгүүр нээх, том оффис руу нүүх бүрт бахархдаг. Үүнээс ч сайхан зүйл бол нэгдүгээрт, байнгын хэрэглэгчтэй, хоёрдугаарт, тогтвортой, сэтгэлээрээ ажилладаг хамт олонтой болсон нь хамгийн сайхан.

Бүтээгдэхүүнийг нэг удаа зарах чухал биш. Ямар ч компани бүтээгдэхүүнээ юу ч гэж хэлээд нэг удаадаа зарчихаж чадна. Харин ямар нэг албадлагагүй, сайн дураараа манай бүтээгдэхүүнийг авна гэдэг бахархалтай.

Бас анхнаасаа хамт байсан хамт олондоо үнэхээр баярладаг. Компанийн зорилго, алсын хараа, хандлага буруу байвал хүн тогтохгүй шүү дээ, үүгээр бас бахархдаг даа.

-Заримдаа шантраад уйлмаар үе байдаг гэж та фэйсбүүктээ бичсэн байна лээ. Таныг юу их гонсойлгодог вэ?

-Хүн, хүн хоорондын харилцаа, хандлага л их сэтгэлээр унагаадаг. Би алсын хараандаа хүрнэ гэсэн бат итгэлтэй болохоор мөнгөнд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Мөнгө ирж л байдаг, явж л байдаг, ажлаа сайн хийхэд яваандаа ирчихнэ. Би ажилтнууддаа их зүйл зааж сургаж, хувь хүн талаас нь ч хөгжүүлэхийг хичээдэг. Тэрийг ойлгохгүй үед их гонсойдог. Дараа нь ойлгодог байж магадгүй л дээ. Үүнээс гадна олон хүн дотогшоогоо байдгаас харилцаанд хүндрэл гардаг. Би өөрөө их нээлттэй, хамаг юм аа дэлгэчихдэг хүн л дээ.

-Сайн үйл, нийгмийн хариуцлагыг Lhamour их чухалчилдаг уу?

-Бид бол нийгэм рүү чиглэсэн гарааны бизнес. Ашиг олохоос илүү нийгэмд эерэг зүйл хийхийг чухалчилж, эхэлсэн цагаасаа борлуулалт бүрийн тодорхой ашгийг сайн үйлд зарцуулж байна. Үүгээрээ бид бусдад гар сунгахын тулд эхлээд баян чинээлэг болох ёстой юм биш, байгаа зүйлээрээ, огт юмгүй байлаа ч сэтгэлээрээ тусалж болдгийг харуулах гэсэн юм. Монголын ядуурлын түвшин, эдийн засаг хэцүү байгаа ч, “Боломжтой болохоороо тусална” гэдэг бодлоосоо салж, нэгнээ түших сэтгэлтэй байгаасай гэж би хүсдэг.

-Хэрэв та Lhamour-аас өөр зүйл хийх боломж олдвол тэр нь юу байх вэ?

-Би саяхан энэ талаар бодож байлаа. “Хэрвээ би үүнийг хийхгүй бол…” гэсэн бодол сэтгэлээр унасан үед орж ирдэг. Хэрэв би үүнийг хийхгүй бол эрчим хүчний мэргэжлээрээ олон улсын байгууллагад л ажиллах байсан. Энэ бол зүгээр бодол л доо, одоо бол Lhamour-аас би хэзээ ч буцахгүй ээ.