Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 14.899.134 хүн өвчилж, 617.897 хүн энджээ. Нийт 8.900.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 5.300.000 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 213.000 хүн коронавирусээр өвчилж, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 16.000 хүнээр бага үзүүлэлт боллоо. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 5.842 хүн шинээр өвчилсөн байна. Энэ нь ОХУ-д сүүлийн гурван сарын хугацаан дахь хоногт хамгийн цөөн хүн өвчилсөн үзүүлэлт боллоо. Сүүлийн хоёр өдөр дараалал тус улсад өвчлөл мянга гаруйгаар буурсан. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 28-45 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад өвчлөл буурч байсан ч эргээд нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсын хувьд өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирсэн. Үүнд бага насны хүүхэдтэй хүн 89,  жирэмсэн эмэгтэй 4, өндөр настанннннн 38, эмнэлгийн шалтгаантай 24 хүн байна. Эдгээрээс 5 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусдыг нь зочид буудлуудад байршуулсан. Өчигдөр ажиглалтад шинээр 333 хүн хүн орж, 80 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 3395 хүн ажиглалтад байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 180 дуудлага ирж, коронавирусийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргын талаар зөвлөгөө авсан. Мөн АНУ, БНСУ-аас монголын 4 иргэн холбогдож зөвлөгөө авсан.

Гадуур хүмүүс олноор бөөгнөрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол, мэдээлэл тогтмол ирж байна. Гэтэл дэлхийн бусад орны хүмүүс хүн хоорондын зайг хэрхэн барьж, яаж мэндчилж байгааг иргэд харж байгаа байх. Энэ мэт амьдралын шинэ хэвшлийг дэлхий нийтээрээ дагаж мөрдөх шаардлагатай байна. Амны хаалтыг заавал зүү. Энэ хэвшлээ орхиж болохгүй" хэмээлээ.