"Зориг сан"-гаас 2018-2019 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай (SDC) хамтран энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад ур чадвар нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хүрээг тэлэх зорилгоор сургалтуудыг зохион байгуулдаг аж.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

- Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

- Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,

- Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

- Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх

- Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох боломжтой байх.

Бүртгэл:

- 2018 оны 09 сарын 12-ний 13 цагаас өмнө https://form.jotform.me/zorigfoundation/2018-2019 хуудсаар орж цахим өргөдлийн маягт бөглөнө.

- Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулбар, бусад амжилтуудыг батлах аливаа баримт бичиг, зураг зэргийг хавсаргана.

- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/-ийг хавсаргах юм.

Жич: Бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

Шалгаруулалт:

Урьдчилсан шалгаруулалтыг цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай 9 сарын 18, 19-ний өдрүүдэд утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлагыг 9 сарын 19-21-нд Зориг сангийн байранд явуулна. Ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

- Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас эх хувиар

- Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)

- Нийгмийн идэвх оролцоог тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.


Эх сурвалж: Зориг сан

Танд асуулт байвал дараах хаягаар холбогдоно уу. Email: scholarship@zorigfoundation.org