Хэнтий аймаг дахь түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын үзүүллэг дэглэлт, үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл "Хэнтий аймгийн 5 суманд Чингис хаантай холбоотой 5 том бүтээн байгуулалт өрнөнө. Гадны жуулчид ирэхэд бид "Энэ бол Эзэн Чингисийн төрсөн газар" гээд хоосон тал заагаад зогсдог. Бусад орнууд Чингисийн онгон энд байна гэх зэргээр бидний өмнөөс аялал жуулчлалаа хөгжүүлээд явж буй ч зүйл бий. Иймд бид санаачилгатай ажиллаж, бодит алхам хийх цаг болсон.

Аялал жуулчлалыг төрөлжүүлж, бүсчилж хөгжүүлье гэсэн Монгол төрийн бодлого бий. 

Эхний ээлжид Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх төрийн бодлого тодорхой болсон. 

Монгол Улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авсан. Ирэх дөрвөн жилд нэг сая жуулчин авъя. Коронавирустэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байдалд байгаа ч ирэх хавраас нөхцөл байдал гайгүй болох урьдчилсан таамаг бий. Тиймээс бид жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Эдгээр бүтээн байгуулалтууд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэгтэй гэж судлаачид үзсэн.

Хэнтий аймагт Чингис хаантай холбоотой 5 гол бүтээн байгуулалт хийнэ. Түүн дээр УУХҮЯ Бор-Өндөрт далд уурхайтай холбоотой музей байгуулахаар ажиллаж байна. Улмаар тус аймагт 6 том бүтээн байгуулалт бий болно. 

Тодруулбал,

1. Дадал суманд байгуулахаар, зураг төслийг нь гаргаад явж байна. Байгуулах газар нутаг нь тодорхой болсон, газар дээр нь очсон. Түүхчид, судлаачид, эрдэмтэд очиж судалж, түүхэн сайхан газрыг газрыг сонгосон.

2. Биндэр суманд Эзэнт гүрэн буюу Их хуралдай цогцолборыг байгуулж байна. 

3. Батноров суманд "Андын нөхөрлөл" өргөө

4. Өндөрхаан суманд "Нууц товчоо" цогцолбор 

5. Норовлин суманд Их засаг хууль буюу "Шихихутаг" цогцолборыг байгуулна. Бүх цогцолбор 2024 онд баригдаж дуусна.

Санхүүжилтыг 2016-2020 оны парламент Азийн хөгжлийн банкнаас олгох 38 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймгийг аялал жуулчлалыг бүс болгон хөгжүүлэхээр тогтсон. Эдгээр бүтээн байгуулалт нь монголчууд бидний түүхэн бахархал болно. Үүнийг зөв мэдээлэлтэй, зөв ойлгож, хүндэтгэн хандах нь чухал" хэмээлээ.