Төрөхөөр ирсэн эмэгтэй тасгаа андуурч яваад таксинд төрсөн явдал өчигдөр болсон билээ. Бид ЭХЭМҮТ-тэй холбогдоход эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэв. Тус эмнэлэгт дэлхийн түвшинд хүрсэн яаралтай тусламжийг бий болгохоор зориж онгоцны зогсоол, машины талбай, ногоон цэцэрлэг, суух сандал гээд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлээд байсан билээ. Эндээс үзвэл манай эмнэлэгүүдэд материаллаг байдлаас илүү эмч эмнэлэгийн ажилтнуудын хариуцлага тус салбарт дутдаг бололтой.

Эмнэлэгийн салбарын хүнд суртлыг хөндсөн уг асуудал нийгмийн сүлжээгээр тархаад байгаа энэ үед Эрүүл мэндийн сайд уг асуудал дээр өөрийн фэйсбүүк дээрээ байр сууриа ийнхүү илэрхийлжээ.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа  гадаа төрж ,эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. 

Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно.  Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно.