Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай 6 дугаар сарын 12-нд Сингапурт уулзах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Ким Жөн Унтай хийхээр төлөвлөсөн уулзалт 6 дугаар сарын 12-нд Сингапурт болно.Дэлхий дахины энх тайвны төлөө бид энэ мөчийг онцгой байлгахыг хичээх болно” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

"АНУ болон Умард Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд болохгүй. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хаана, хэзээ уулзахаар болсноо би ойрын гурав хоногийн хугацаанд нийтэд зарлах болно" гэж Д.Трамп өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч нараас Умард Солонгосын аль нэгэн удирдагчтай биечлэн уулзаж байсан тохиолдол байхгүй юм.


Эх сурвалж:Монцамэ агентлаг