АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнгөрсөн даваа гарагт утсаар ярьж Умард Солонгос дахь эргэн тойрны асуудлыг хэлэлцэхийн сацуу АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө уулзахаар тохиролцсон байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллэв.
 
Түүнчлэн талууд Умард Солонгосыг цөмийн, химийн, бактериологийн зэвсэг болон баллистик пуужин боловсруулах хөтөлбөрүүдээс нь эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулах шаардлагатай болохыг онцлон тэмдэглэжээ.  

Солонгосын хойг дахь нөхцөл байдал болон АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын талаархи асуудлууд Д.Трамп, Шинзо Абэ нарын уулзалтын гол сэдэв болох аж.
 
Ирэх сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалтыг хийх бодолтой хэвээр байгаагаа Д.Трамп өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг