Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай удахгүй хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтын асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунтай утсаар ярьжээ. Энэ тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Цагаан ордны мэдэгдсэнээр, ирэх сарын 12-нд АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Сингапурт зохион байгуулахыг зөвшөөрсөнд талархаж буйгаа Д.Трамп илэрхийлсэн байна. Хоёр улсын удирдагчид мөн хоёр талын харилцаа болоод бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санаа бодлоо солилцжээ.
 
Д.Трамп хэлэхдээ “Сингапур бол АНУ-ын Ази тив дэх хамгийн ойр дотны түншүүдийн нэг” гээд, Сингапурт яагаад АНУ-Умард Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтыг хийхээр болсныг тайлбарлахдаа “АНУ болон Умард Солонгосын аль алинтай нь найрсаг харилцаатай бөгөөд хоёр улсын удирдагчдын аюулгүй байдлыг хангаж чадах улс гэж үзсэн учраас Сингапурыг сонгосон” гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг