УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Засгийн газрын өчигдрийн хуралдааны шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар манай гадаад бодлогын салбарт их чухал шийдвэрийг гаргалаа. 

Тодруулбал, 2018-2024 онд гадаадад худалдааны төлөөлөгчийн газруудыг нээх Гадаад харилцааны  яамны төлөвлөгөгөөг баталлаа. 1990-ээд оноос хойш манай улс шинэ тогтолцоонд шилжсэнээр худалдааны төлөөлөгчийн газруудыг татан буулгасан. Одоо эргэн сэргээж байна. Яагаад гэвэл Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсч байна. Гадаад валютын нөөц, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд экспортын амжилт маш чухал. Жижиг, дунд үйлдвэрүүд хөгжөөд, бор зүрхээрээ зүтгээд бүтээгдэхүүнээ гадаад руу гаргаад эхэлсэн. Мөн гадны шинэ технологиудыг оруулж ирэх зэргээр үйлдвэрлэлийнхээ процессыг эхлүүлсэн байна. Харин бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийг нь олж өгнө гэдэг бол тэр үйлдвэрүүдийн чадварыг нэмэгдүүлэх хамгийн чухал Төрийн зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээ юм. Энэ үүднээс худалдааны төлөөлөгчийн газруудыг нээж байна.

Энэ нь монголд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдэд зах зээлийг олж өгөх цорын ганц зорилготой. Тэнд ажиллаж буй хүмүүсийн ажлын үр дүн тухайн орон руу монголын бараа бүтээгдэхүүн хэр их экспортлогдож байна вэ гэдгээр үнэлэгдэнэ. Тус байгууллагууд манай улсын гадаад экспортыг тэлэхэд чухал үүрэгтэй. Нилээд урт хугацаанд хийх төлөвлөгөө. Бидний хамгийн түрүүнд хийхээр зорьж буй зүйл бол хоёр хөршийн зах зээл. Дээр нь Япон, Солонгос, Европын зах зээлийг сонирхож байна. Цаашдаа төсвийн боломж нэмэгдэхээр энэ сүлжээгээ олшруулах боломжтой. Эдгээр байгууллагын чухал ач холбогдол нь үр дүнтэй жинхэнэ эдийн засагжсан үйл ажиллагаа явуулах юм. Тэдний Монгол Улсын эдийн засагт оруулах үр өгөөж бол бодит хэмжэгдэхүүц байна" гэдгийг онцлон хэллээ.