Дэлхийд алдартай Парисийн Дарь эхийн сүм шатаж хүн төрөлхтний соёлын түүхэн дэх том гарз хохирол тохиогоод буй.

Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсан энэхүү явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд өчигдөр захидал илгээжээ.

Сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан гашуун сургамжтай монголын ард түмний сэтгэл зүрх энэ цаг мөчид франц анд нөхдийн хамт байгааг онцлов.

Мөн энэхүү бүтээн байгуулалтыг Франц улс, Францын ард түмэн дахин сэргээн босгож хойч үедээ "Шинэ эх дагина"-ыг үргэлжлүүлнэ өвлүүлнэ гэдэгт бат итгэж байна хэмээн бичжээ.