ТОКИО. /Kyodo/. Японы зүүн нутгийн Сайтама мужид нэгэн дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлсний дараа орхиж явсан эмэгтэйг хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт холбогдуулан цагдаагийн ажилтнууд баривчилсан байна.

Өдгөө 24 настай Иүриа Мориизүми нь нэгдүгээр сарын 24-нд Сайтама мужийн Нииза хот дахь дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржсаны дараа охиноо суултуурт хийж, тагийг нь хааж орхисон байжээ.

Нярай охиныг олоход биеийн дулаанаа алдсан байсан бөгөөд ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэжээ. Түүний биеийн байдал одоо тогтворжсон байна. "Би хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүй, жирэмсэн болсон талаараа эцэг эхдээ ч хэлээгүй" гэж ганц бие, гэрлээгүй И.Мориизүмийн цагдаа нарт өгсөн мэдүүлэгт тэмдэглэжээ. 

Гэр бүлийнхэнтэйгээ машинаар явж байсан И.Мориизүмийн гэдэс өвдсөний улмаас тэд дэлгүүрийн гадаа зогссон ажээ. Гэрийнхэн нь И.Мориизүмиг жирэмсэн гэдгийг огт анзаараагүй бөгөөд гэртээ харьсны дараа машины суудал дээрх цусны толбыг хараад түүнийг эмнэлэгт хүргэсний дараа учир явдлыг мэдсэн байна. 

Нярай охиныг олсон даруйдаа дэлгүүрийн менежер цагдаагийн газарт дуудлага өгсний зэрэгцээ И.Мориизүмийн эмчлүүлж байсан эмнэлэг ч мөн цагдаагийн газарт мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг