Энэ сарын 15-наас эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл зүүн эргэдэггүй журмаар зорчиж эхэлсэн.  ЗЦГ-ын Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбатаас энэ талаар тодрууллаа.

-Зүүн эргэхгүй хязгаарлалтыг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ, гомдол санал хэр ирж байна?

-Шийдвэр хэрэгжсэн эхний өдөр замын ачаалал эрс нэмэгдсэн нь үнэн. Үүнтэй холбоотой зарим санал гомдол ирсэн.  Иргэд эд шинэ замын зохицуулалтыг таниулах гэж   замын тэмдэг тэмдэглэгээ тавих,   бүдүүвч тэмдэг хийх,  олон нийтэд мэдээлэлээ хүргэх гэж олон ажил хийлээ. Эхний өдрийн  байдлаар  жолооч нар зарим зүүн эргэхгүй уулзвар дээр удаан зогсож эсвэл зүүн эргэж зам тээврийн хөдөлгөөнд саад учруулж тохиолдол нэлээд гарсан.  Дүрэм зөрчсөн жолооч нарын хувьд ихэнх нь орон нутгаас  болон гадаадаас ирсэн учраас шинэ дүрмийн талаар мэдээлэлгүй байлаа. Хэдхэн хоногийн дараа  харахад  жолооч нарын ихэнх нь  зүүн эргэхгүй шинэ зохицуулалтын тухай ойлголттой нь харагдаж байна. Дүрмийг хэвштэл үүнтэй холбоотой зөрчлийг замын камераар шүүж очдог торгуулийн хуудасыг иргэдэд бичихгүй. Сарын дараанаас яригдах байх.  

-Төв замын ачаалал буурсан ч туслах уулзвар, замуудын хөдөлгөөн нэлээд удаашралтай  байна гэсэн. Цаашид энэ дүрмийг өөрчлөх үү?

-Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл шулуун хөдөлгөөнийг дэмжиж ачаалалтай автозамын урсгалыг чөлөөлснөөр туслах замын хөдөлгөөнийг том зах руу оруулж ачаалалыг бууруулах тооцоо гаргасан. Үүнээс гадна нийтийн тээврийн хэрэгслийг дэмжих зорилготой. Тодруулбал “Тусгай замын автобус” төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр  ирэх жилээс тусгай замын автобус Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл  саадгүй зорчино.  Нэг талаараа үүнд иргэдийг урьдчилан хэвшүүлэх зорилготой учраас энэ дүрмийг дахин өөрчлөх, эргэж харах талаар яриа байхгүй.  Эхэлж байгаа ажил шүү дээ. Нэгэнт шинэ дүрмээ хэрэгжүүлээд  хэвшчихвэл замын нийт ачаалал 20 хувиар буурч, уулзвар нэвтрэх чадвар 30-40 хувь нэмэгдэх тооцоо судалгаа бий. 

-Хэдий хугацааны дараа замын ачаалал буурч хэвийн болох бол?

-  Олон улсад замын түгжрэл, ачаалалыг бууруулахын тулд зүүн гар тийш эргэх хөдөлгөөний хориглож шулуун хөдөлгөөнийг дэмжиж байна.  Өнөөдөр энэ жишгээр шинэ зохицуулалт хийж эхэллээ гээд маргааш асуудал шийдэгдэхгүй.  Хамгийн гол нь иргэд, жолооч нарын оролцоо  чухал. Манайх шиг нарийхан замтай улс орон энэ журмыг хэрэгжүүлээд  зам нь түгжрэлгүй болсон жишээ олон бий.  

Замын хөдөлгөөний шинэ зохицуулалттай холбоотойгоор иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нараастодруулга авлаа.

Хэт түгжрэлтэй замуудад хэсэгчилсэн дугаарын хязгаарлалт хийгээсэй

БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн Б.Алтанзул

-Замын шинэ зохицуулалт ямар санагдаж байна?

-Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл зам чөлөөтэй  байгаа нь сайхан санагдсан. Харин туслах замууд тэр дундаа Бөхийн өргөө, зүүн дөрвөн замын ачаалал хамаагүй нэмэгдсэн нь анзаарагдаж байна лээ. Миний хувьд хэт түгжрэлтэй зарим замуудад дугаарын хязгаарлалт нэмж хийвэл замын ачаалал хамаагүй буурна гэсэн саналтай байдаг. Нийтээрээ түгжирч зогссоноос уг нь зөв зохицуулалт хийгээд өгвөл хаа хаанаа ашигтай юм.

Төв замын ачаалал буурсан нь таалагдсан

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ц.Цэрэнпил

Манай хүүхэд хотын төвийн сургуульд сурдаг. Сонгинохайрхан дүүргээс хүүхдээ хүргэж авах гэж хамаг цагаа зам дээр өнгөрүүлдэг шүү. Яг хичээл сургууль ажлын цаг тарах үеэр зам дээр цаг хөдлөхгүй зогсох ч үе бий. Ингэж зохицуулахгүй бол иргэдэд бензин тосноос эхлээд хүндээр тусч байна шүү дээ. Шинэ зохицуулалтаар удаан зогсдогтөв замын уулзварууд чөлөөлөгдсөн нь амар санагдсан. Гэрлэн дохионы асах хугацаа  арай хурдан болчихсон юм уу гэж ажигласан.

Шинэ зохицуулалт цаг хугацаанд ч, түлшинд халгаатай байна

Баянзүрх 20 дугаар хорооны иргэн Ц.Цэдээ

Би  100 айлын барилгын материалын захаас “амьжиргаа” цагаанаар ачаа тээвэр хийдэг. Миний хувьд  энэ шинэ зохицуулалт амаргүй санагдаж байна. Баруун дөрвөн замд ачаа хүргэчихээд 100 айл руу орж чадахгүй баруун дөрвөн зам хүртэл явчихаар  цаг хугацаанд ч түлшинд ч хамаагүй халгаатай юм. Өмнө нь өдөртөө зургаа долоон удаа ачаанд гардаг байсан бол одоо замын өөрчлөлтөөс болж таван удаа л гардаг болсон.