Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах аж.

Уг сургалтын гол зорилго нь иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдана. Өмнөх сургалтад ихэвчлэн аж ахуй нэгж, албан байгууллага хамрагддаг байсан бол энэ удаагийн сургалтад иргэдийг бүгдийг хамруулах юм. 

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хагас өдрийн хугацаанд уг сургалт зохион байгуулагдана. Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. Нүүлгэн шилжүүлэх сургуулилт төвийн 6 дүүрэг тус бүрт аюулгүй байрлах сонгогдсон цэгт хийгдэнэ. Мөн эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалтыг зохион байгуулах юм. 

Түүнчлэн нийслэлд байгаа томоохон нэгдсэн эмнэлгүүд, төрийн, цэргийн эмнэлгүүдийг хээрийн эмнэлэг дэлгэж, бэлэн байдлыг шалгах аж.