ГУМ компани "Шигүдэри сүүн сархадаар дэлхийг дайлая" уриатайгаар дээд зэрэглэлийн шимийн архи үйлдвэрлэжээ. Ганц ч дусал хэрэглээний ус ороогүй, дан сүүгээр хийсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Энэхүү сонирхолтой, шинэлэг бүтээгдэхүүний талаар хүнс үйлдвэрлэлийн технологич, эрүүл ахуйч, ГУМ компанийн Үйлдвэр, техникийн албаны дарга Н. Цацралтай уулзаж ярилцлаа. 


-Шимийн архи бол уламжлалт аргаар хийдэг архи, үйлдвэрлэлийн технологи руу шилжүүлэхэд хүндрэл учирсан уу. Бараг шинэ технологи зохиох хэрэгтэй болсон байх даа?

-Монгол цагаан идээгээр биемахбодийн эрүүл мэндийг хамгаалах, монгол уламжлалыг сэргээх, технологийн санг бүрдүүлэхэд уг төслийн шинжлэх ухааны ач холбогдол оршиж байгаа юм. Шимийн архи үйлдэх үйл явц олон хүчин зүйлээс хамааралтай, технологийн нийлмэл процесс гэж болно.  Хөрөнгөний бүрэлдэхүүн, исэлт ба нэрэлтийн хугацаа, температур зэрэг ажилбарын харилцан хамаарлыг тогтоож, оновчтой хувилбарыг сонгон микробиологийн процессыг зөв зохицуулах нь технологийн хамгийн чухал хэсэг.

Манай баг энэ төслийг жил гаруйн хугацаанд хэрэгжүүлж дууссан. Энэ хугацаанд түүхий эдийн чанар, хөрөнгөний бүрэлдэхүүн, технологийн аргуудын харьцуулалт, амт үнэр аагийн зохицол, шүүлт, хадгалах хугацаа, мөн эцсийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, процессын зохион байгуулалт гэх мэт маш олон туршилт, судалгааг тасралтгүй хийж эцсийн бүтээгдэхүүнээ амжилттай гарган авлаа. 

Үүнээс гадна хууль эрх зүйн хүрээнд үйлдвэрийн байрандаа ажлын байрны дүгнэлт гаргуулан, анхны шимийн архи үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг авч стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүндрэл гэвэл, өртгийг багасгах болон технологийг тогтворжуулан нэг амт, нэг үнэр аагийг гаргаж авах нь хүндрэлтэй байлаа. Нэлээдгүй цаг хугацаа авч, нөр их хөдөлмөрийн дүнд л бүтээгдэхүүн бэлэн болсон доо.


-ГУМ компани органик тараг сүүгээрээ хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн бүтээгдэхүүнтэй. Цаашид тараг, сүү гэх мэт бусад органик бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид 2020 оноос төслийн ажлаа эхлүүлэх чиглэл тавьсан. Зөвхөн тараг, сүүгээр хязгаарлагдахгүй, цоо шинэ нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн зах зээлд танилцуулах байх. Бид өмнө ч, одоо ч тэр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ хүнсний нэмэлт огт ашигладаггүйгээрээ бусад үйлдвэрээс эрс ялгаатай. Мөн жилийн дөрвөн улирал үнээний шингэн сүүгээр үйлдвэрлэлээ явуулдаг. Энэ бол манай үйлдвэрийн үнэт зарчим. 


-Шимийн архины зөв хэрэглээ, эерэг, сөрөг талыг уншигчдад танилцуулаач?

-Мэдээж алкоголь агуулсан аливаа ундааг хэтрүүлэн хэрэглэх эрүүл мэндэд хортой. Энэ ч утгаар хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгод тавих шаардлагын дагуу “жирэмсэн эмэгтэй, 21 нас хүрээгүй болон жолоо барих хүн хэрэглэхийг хориглоно” гэх мэтээр хориглох заалт тусгаж өгсөн. 

Эерэг тал гэвэл сүүний шим нэрмэл архи гаргаж авах технологи болон эх сурвалжаараа спирт, усны хольцоос эрс ялгаатай. Үнээний сүүний шим нэрмэл охь архи нь чанар, биемахбодод үзүүлэх нөлөөгөөр бусад төрлийн сүүнээс илүү сайн, элдэв харшил, ядаргааг засах увдистай гэж үздэг тул түүгээр настан буурлууд, холын аян, ав хоморгын хүн болон хүнд хүчир ажил үйлд харшин ядрагсдыг сувилдаг уламжлал нь өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн.

Мөн хатуулаг бага учир архидан согтуурах бус, ёслол хүндэтгэлийн ундаа хэрэглэх соёл түгэн дэлгэрүүлэх нэг хэлбэр гэж болно. Монгол нутгийн байгаль цаг уур болон монгол хүний бие махбодод нэн зохицсон малын шим шүүсийг агуулсан, бусад улс үндэстэнд байхгүй, үндэстний илэрхийлэл болох гээд маш олон давуу талтай.


-Гэрийн нөхцөлд нэрсэн шимийн архинаас юугаараа өөр буюу ялгаатай вэ? 

-Бид уламжлалт арга ухааныг хамгийн орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжтэй хослуулан MNS стандартад нийцүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Түүхий эдийн исгэлтийн явцад үүсдэг нэгдлүүдээс хүний биемахбодод сөрөг нөлөөтэй зарим бодисыг температурын маш нарийн горимоор ялгаж авдаг. Харин заримыг нь үлдээж тухайн архины мэдрэхүйн чанарыг бүтээдэг. Жишээлбэл, сөжү, саке, коньяак, виски, ром, текила зэрэг бүтээгдэхүүний өвөрмөц амт үнэрийг сувсын тос, альдегид, эфир бүрдүүлдэг. Эдгээр бодисын агууламж нь стандартаас ихэдхээрээ сөрөг нөлөөтэй болдог. 

Мөн шүүлтийн технологи маш чухал. Учир нь нэрэлтээс гарсан шимийн архинд уураг, тосны тунадас, том молекулт бодисыг ялгах зайлшгүй шаардлагатай болох нь онолын болон туршилтын үр дүнгээс харагдаж байлаа. Үүнтэй уялдаж нэрэлтийн дараа шүүлтийн процесс орж ирдэг. Энэ нь хадгалах хугацаанд эерэг нөлөөтэй. Тэгэхээр энэ бүгдээс үйлдвэрлэлд нэвтрүүлэх ямар давуу талтай болох нь харагдаж байгаа байх. 


-Танай компани шимийн архийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан анхдагч. Танайхаас өөр ийм төрлийн архи хийсэн оролдлого байгаа юу?

-Монгол цагаан идээний технологийг үйлдвэрлэлийн горимд шилжүүлэх шинжлэх ухаан технологийн  ажил 1985 оноос эхлэн хэрэгжиж ирсэн байдаг. Эдгээр ажлын үр дүнд ааруул, тараг зэрэг зарим бүтээгдэхүүний технологи үйлдвэрт нэвтэрсэн. Харин шимийн архи, айраг, ээзгийг өнөөг хүртэл уламжлалт аргаар үйлдэж байна. Манайд олон эрдэмтэн судалгаа туршилт хийж байснаас үйлдвэрлэлд нэвтрээд, зах зээлд нийлүүлэгдсэн удаагүй юм билээ. Харин бид бүхэнд шинжлэх ухааны доктор, профессор Ц.Батсүх багштайгаа хамтарч ажиллах, зөвлөгөө авах их том завшаан тохиож богино цаг хугацаанд бүтээгдэхүүнээ өлгийдөн авсан. Иймд хамт олныхоо зүгээс хайрт багшдаа машид их талархаж явдгаа хэлмээр байна. 

Ер нь бол бид төсөл хэрэгжүүлж байх явцдаа Монгол үндэстний хоол ундны өвөрмөц соёл, хэрэглээг гайхан биширч маш их зүйлд суралцаж өв уламжлалаа хадгалж үлдэх илүү хүсэл тэмүүлэл, хандлагатай болсон гэж хэлж болно. Иймд яах аргагүй бид бүгдийн бахархал бүтээгдэхүүн Шигүдэри брэнд юм.

Facebook хаяг: 

-Баярлалаа, та бүхэнд амжилт хүсэе.