Филиппиний Хар тамхитай тэмцэх байгууллага цагдаа нарын үүргийг хүлээхээр болжээ. Ноён Дутерте өнгөрсөн онд албаа хүлээн авч хар тамхитай дайн зарласнаар цагдаа нар 3850 хүний амийг хөнөөсөн. Энэ оны нэгдүгээр сард цагдаа нар авилгад орооцолдож байна гэсэн шалтгаанаар тэднийг үүргээс нь чөлөөлсөн ч удалгүй шийдвэрээ цуцалсан юм. Тухайн үед Өмнөд Солонгосын бизнесменийг цагдаа нар барьцаалж, амийг нь егүүтгэсний дараа шийдвэр гаргасан билээ. 

Ноён Дутерте 2016 оны зун хар тамхи, гэмт хэрэг, авилгыг ор мөргүй үгүй хийх амлалтаараа сонгуульд ялсан. Хар тамхидалтыг таслан зогсоох зорилготой шүүхээс гадуурх аллагууд дотоодоос төдийгүй олон улсаас шүүмжлэл хүртдэг. Өнгөрсөн сард үүнийг эсэргүүцэн олон мянган хүн жагссан билээ. Энэ зун цагдаа нар өсвөр насны гурван хүүхдийн амийг хөнөөсөн нь иргэдийг бүр ч айдаст автуулж, босоход хүргэжээ. Үр хүүхдээ алдсан эцэг, эх гомдол гаргаж, хар тамхитай ямар ч холбоогүй гэх байр сууриндаа бат зогссон юм. 

Энэ мэт 4000 орчим хүн хорвоогоос хальсны дараа ноён Дутерте цагдаа нарт өгсөн үүргээ шилжүүллээ.