Америкийн нэрт дуучин Леди Гага энэ сарын 22-ны баасан гарагт Бразилын Rock in Rio хөгжмийн наадамд оролцож чадахгүйгээ мэдэгдэв. Учир нь түүний биеийн байдал эрс муудаж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгааг People сайт мэдээллээ. 

Дуучин бүсгүйн албан ёсны твиттер хуудаст “Лэди Гагагийн бие тун муу байгаа тул тайзан дээр гарч чадахгүй. Рио де Жанейрод болох хөгжмийн наадамд дуулахаа больсныг дуулгахад харамсалтай байна” гэж бичжээ. 

Дараа нь хатагтай Гага эмнэлэгт хэвтэж буй зургаа нийтэлж, өөрийг нь эмчилж байгаа эмч, санаа тавьж, дэмжиж буй шүтэн бишрэгчиддээ талархаж байгаагаа хэлсэн. Түүнчлэн урт удаан аялал тоглолтоос ядарсандаа биш, үнэхээр өвдсөн гэжээ. “Бразил, Rock In Rio наадамд оролцож чадахгүйдээ харамсаад баршгүй нь. Би та бүхнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн, гэхдээ яг одоо би эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Намайг ойлгож, уучлахыг хүсэе. Би удахгүй эргэн ирэх болно. Үнэхээр уучлаарай, хайртай шүү” хэмээн бичжээ. 

Леди Гага фибромалгия буюу шөрмөс, булчин эмзэглэх, бодит шалтгаангүй ядрах, сэтгэц мэдрэлээр сульдах, сэтгэл зовних, түгших, нойргүйдэх, ой санамж муудах, толгой өвдөх, тархиар хагуулах, дуу шуугиан, хурц гэрэл, үнэрт хэт мэдрэмтгий болгож, бараг галзууруулдаг өвчин туссан аж. Энэ өвчинг туссан эмэгтэйчүүдийн бүх бие өвддөг байна.