Авлигатай тэмцэх газар тодорхой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлжээ.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 11 буюу шалгасан хэргийн 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.

Гэтэл зарим хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэр гарч 8-9 сар өнгөрсөн ч өнөөг хүртэл манай Мөрдөн шалгах хэлтэст ирүүлээгүй талаар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хэллээ. Тэрбээр энэ нь Авлигатай тэмцэх газар хэргийг зориуд удааж байгаа мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд худал мэдээлэл түгээх нөхцөл болж байгааг ч дурдсан юм.

Тухайлбал,

1. “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн байна.

НПГ-аас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.

2.Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн байна.

НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

3. Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч дээр дурдсанчлан удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн зарим хэргүүд ч энэ мэтээр хэрэгсэхгүй болох магадлалтай. Мөрдөгч нарын хийсэн ажил ямар ч үр дүнгүй болж байна. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох хэрэгтэй.

Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж Авлигатай тэмцэх газрын зүгээс үзэж байна. 

Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээжээ. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байгааг ч онцоллоо. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байна.