Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы канцлер Ангела Меркель нарын Европын нэгдсэн арми байгуулах санааг дэмжиж байгааг Европын Комисс/ЕК/ магтан сайшааж байна гэж ЕК-ын албан ёсны төлөөлөгч Маргаритис Схинас мэдэгджээ.

“Европын Холбооны нэгдсэн арми байгуулах талаар анх Европын Комиссын тэргүүн Жан Клод Юнкер дурдаж байсан билээ” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Европын нэгдсэн арми байгуулах талаархи санаагаа Э.Макрон энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Энэ нь Европын АНУ-аас хараат байдлыг бууруулна гэж тэрбээр үзэж байгаа юм. “Бид Хятад, Оросоос болон АНУ-аас ч өөрсдийгөө хамгаалах ёстой” гэж тэрбээр хэлсэн юм. Германы канцлер А.Меркель түүний энэ санааг дэмжиж байгаагаа Европын парламентын чуулганы үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Коммерсант