НИТХ-ын даргыг сонгох хуралдаан эхэллээ.

Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан удирдаж буй бөгөөд дөнгөж сая хуралдааны дэгийг баталлаа. Үргэлжлүүлэн С.Амарсайханыг НИТХ-ын даргаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр төлөөлөгч Э.Бат-Үүл "С.Амарсайхан даргыг чөлөөлөгдөхөөс өмнө 2 зүйл асууя. 2016 оны төсвийн тодотголоор нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг, банкуудаас хийх хөрөнгө оруулалтаар 20 тэрбум төгрөг нийт 40 тэрбум төгрөгийг гэр хороолол дахин төлөвлөлтийн орон сууцны барилгыг санхүүжүүлэх шийдвэрийг НИХТ-аас гаргасан. Сонгуулийн дараа төсвийн тодотгол хийхпээ мөнгөгүй гээд энийг хасаад хаячихсан. Хасаагүй байсан бол 3291 айлын орон сууц баригдаж, газраа чөлөөлсөн 1137 айл бүгд орон сууцанд орох байсан. Үүнээс болж 500 гаран иргэн газар ч үгүй, орон сууц ч үгүй болсон. Засаг дарга болмогцоо энэ асуудлыг оруулж ирж, төсөв дээр тодотгол хийх үү.

Хоёрдугаарт, Иргэншсэн хотын дарга байгаасай гэж хүсэж байна. Манай дарга болсон хүмүүсийн ой гутам, сэжигийн муухай нэг зан байдаг юм. Өрөөнийхөө тавилга, машинаараа гоёод л юм үзээгүй юм шиг, дундад зууны ноён шиг болдог. Энэ нь гадаадын хүмүүстэй харьцахад их төвөгтэй болгодог. Гадаад хүмүүс ядуугаа гайхуулдаг хотын даргатай ирээд уулзахаар нөгөөдөх нь дундад зууны ноён шиг сууж байдаг. Ажлын ямар ч шинж байхгүй. Ардаа нэг балиар баарддаг өрөөтэй. Энэ нь иргэншсэн хотын дарга гэдэг зүйлийг байхгүй болгочихдог. Би Засаг дарга байхдаа зүгээр л ажлын өрөөтэй байсан. Тийм байхад гаднаас ирсэн хүмүүсийн нь сэргээд явчихдаг. Ажил ярих гэж буй учраас тэр. С.Амарсайхан дарга та энэ дундад зууны үеийн ноён шиг байдлыг засах уу" хэмээн асуулаа.