Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл зүйч Э.Баянжаргалтай эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаагаа бодож эргэцүүлэх, мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар ярилцлаа. Монголд гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг 2000 оны эхээр мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ тоонд өөрчлөлт орж сайжирсан зүйл алга. Энэ бол эцэг эхчүүдийн боловсрол, хүүхэдтэйгээ ажиллах арга барилаа мэддэггүйн илрэл гэдгийг мэргэжилтэн хэлж байна.

-Хүүхэдтэйгээ учраа олохгүй ээж аавууд цөөнгүй байдаг. Харилцаандаа ямар алдаа гаргаснаас болж ийм байдалд хүрдэг вэ?

-Хүн бүхэн үр хүүхдээ эрдэм боловсролтой, сайн хүн болгох алсын зорилготой. Гэвч энэ зорилгоо умартаж, ажлын ачаалал, үл ойлголцол, өвчин зовлон гээд өдөр тутмын стрессийг зөвхөн өөрт тохиолдсон мэтээр хүндрүүлж боддог, үр хүүхдэдээ уур бухимдалаа гаргадаг эцэг эхчүүд цөөнгүй байна. 

Ажил дээрх уур бухимдалтайгаа гэртээ ирээд хүүхдээ гэр орноо цэвэрлээгүй, даалгавраа хийсэнгүй гэсэн шалтгаанаар харааж загнадаг, шууд гар хүрчихдэг тохиолдлууд бий. 

ХҮҮХДИЙГ САЙН ХҮН БОЛГОХ НЬ БАЙШИН БАРИХТАЙ ИЖИЛ

-Хүүхдэд гар хүрнэ гэдэг бидний уламжлалтай холбоотой гэх хүмүүс байдаг. Үүн дээр сэтгэл зүйчийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Эргээд судлаад харвал бид эртнээсээ хүүхдийг зодож шийтгэдэг уламжлалтай ард түмэн биш. Харин ч То Вангийн сургаал, Сорхугтан хатны сургаальд хүүхдийг дагуулж сургаж биеэр үлгэрлэхийг чухалчилсан байдгийг бид мэднэ.  

Зарим хүн бидний үеийнхэн зодуулж л өссөн, тэглээ гээд буруудаагүй гэдэг. Ийм бодолтой явдаг хүнээс “Та хэрэв зодуулахгүй өссөн бол одоогийнхоосоо ч илүү чадвартай болох ч байсан юм билүү” гэж асуумаар санагддаг. Сургалт явуулж байхад хүүхдээ зоддог ээж, аавуудын ихэнх нь багадаа бага их хэмжээгээр бие махбодийн шийтгэл амссан гэж хариулж байсан. Дээр үед томоотой, үг дуу цөөтэй хүнийг гүндүүгүй томоотой гэж магтдаг байсан бол энэ цаг үед эрч хүчтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, ямар ч хүнтэй ойлголцдог дасан зохицох чадвар сайтай хүмүүсийг үнэлдэг болсон байна.

Ер нь хүүхдийг сайн хүн болгох нь сайн байшин барихтай ижил. Хундаам суурийг сайн цутгаж, багаж хэрэгсэл арга технологи сайтай байж чанартай барилга болдог шүү дээ. Маш сайхан байшин барихаар төлөвлөчихөөд асуудал гарах төдийд уурлаад юугаар ч хамаагүй, хэнээр ч хамаагүй бариулвал ямархуу байшинтай болох вэ.

Хүүхдэдээ аль болох элэгсэг дотно сэтгэлээр хандаж, удирдан чиглүүлж аливааг зөвөөр ойлгуулах нь чухал. Цаад учир утгыг ойлгуулснаар хүүхэд алдаагаа засаж залруулах гэж чармайдаг. 


-Хүүхэдтэйгээ харилцахад насны онцлогийг анзаарахгүй хүүхэд л гэж харьцдаг нь хамгийн буруу гэдэг?

-Эцэг эхчүүд үр хүүхдээ сайн хүн болгох зорилгоо биелүүлэхийн тулд нас насных нь онцлогт тааруулж, аливааг зөв ойлгуулж, элэгсэг дотно сэтгэлээр харилцах хэрэгтэй.

Жишээ нь аливаад хурдан шаламгай ээж хүүхдээ яг өөр шигээ байлгах гээд зүтгэчихдэг талтай. Чадахгүй болохоор нь бухимдаж загнан цаашлаад гар хүрнэ. Гэтэл тэр хүүхэд ээжтэйгээ адилгүй, төрөлхийн удаан, темпраменттэй байж болно шүү дээ. 

Хүн бүрийн араншин төрөлхийн өгөгдөл өөр хоорондоо ялгаатай. Энэ тохиолдолд ээж дэмий л бухимдаж хүүхдээ зовоож стрессдүүлэх шалтгаан болдог. 1-2 настай хүүхэд гэхэд бүх юманд хүрч амталж, мэдэрч байж танин мэддэг онцлогтой. Тэр хэрээрээ хөгжил нь сайн явагддаг. Гэтэл асгаж, цутгалаа гээд хүүхдээ загнаад гар хүрэх нь маш буруу. 

Хүүхдийнхээ оронд өөрийгөө тавиад үз. Эхлээд урьд нь огт очиж байгаагүй улсдаа очиж байгаар төсөөлөөд үзээрэй. Гэтэл тэнд маш том аварга биетэй хүмүүстэй, бүгдээрээ таны мэдэхгүй хэлээр ярьдаг, яаж ч хичээгээд ойлгохгүй, асуухаар урдаас чинь уурлаж бухимдаад туслахгүй байвал танд ямар байх вэ, эсрэгээрээ дэмжиж туславал ямар сайхан санагдах билээ.

ЗОДОЖ ШИЙТГЭХ НЬ ХҮМҮҮЖЛИЙН ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ АРГА


-Ер нь хүүхдийг зодож шийтгэх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүүхэд айдаст автаж хүчирхийлүүлж аливааг хийнэ гэдэг өөрөө олон сөрөг үр дагавартай. Та хүүхдэдээ гар хүрээд байвал таны хүсээгүй зан чанар хүүхдэд чинь бүрэлдэн тогтоод л байна гэсэн үг. 

Багадаа зодуулж өссөн насанд хүрэгчдээс авсан судалгаанаас харахад тэдний 90 хувь нь юунаас болж шийтгүүлж байснаа санадаггүй. Зодож шийтгэх нь хүмүүжлийн ямар ч үр дүнгүй арга. Ийм аргаар өсч хүмүүжсэн хүн өөртөө итгэлгүй сул дорой цаашлаад худлаа ярьдаг, хулгай хийдэг, дайсагнагч хүн болж өсөх талтай. Багаасаа эцэг эхдээ зодуулж болно гэж ойлгож өссөн хүн эцэг эх болоод үр хүүхэддээ заавал тэр аргыг хэрэглэдэг.

-Бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй уулзахад ямар зүйл ажигдагддаг вэ?

-Ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ярилцахад өөртөө итгэлгүй, үг дуу цөөтэй, хүний нүүр рүү эгцэлж ч харж чаддаггүй нийтлэг тал ажиглагддаг. Хамгийн анхны, гаднах  илэрч байгаа шинж тэмдэг нь шүү дээ. 

Зарим ээж аавууд яагаад хүүхдэдээ гар хүрэх аргыг сонгоод байна вэ гэхээр хүүхэдтэйгээ харилцах арга зүй байдаггүй. Үнэнийг хэлэхэд хүүхдээ мундаг хүн болгох гээд загнаж зодоод байгаа юм биш. Ерөөсөө асуудлыг богино хугацаанд арга ухаан сэдэж өөрийгөө зовоохгүйгээр хамгийн хялбар аргаар шийдэж байгаа хэлбэр.

Тухайн үед хүүхэд маань яагаад ингэсэн юм бол гэж бодож эргэцүүлж, ямар арга барилаар ойлгуулвал дээр вэ гэж арга бодож олох ёстой. Гар хүрснийхээ дараа ч үр хүүхэд нь юу бодож байгаа бол, шаналж байгаа болов уу боддоггүй. Ингэснээрээ хүүхдээ хашраачихлаа, ойлгуулчихлаа гэж эндүүрдэг. 

Байнга шүүмжлүүлж, загнуулж өссөн хүүхэд бүрэг ноомой, өөрийгөө илэрхийлэх чадваргүйгээс гадна бие даан шийдвэр гаргах чадваргүй, бусдыг хайрлах сэтгэлгүй хүн болж төлөвших хандлагатай.  

Манай  монголчууд хурга байхдаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байдаг гэж ярьдаг. Хүүхэд насандаа хайрлуулж халамжлуулах хэрэгцээ нь хангагдаагүй бол насанд хүрсэн хойноо ч хүмүүжил төлөвшил зан суртахууны дутагдалтай байдаг.

ТОМЧУУДААС ИЛҮҮ ХҮҮХЭД СТРЕССТ  ӨРТДӨГ

-Хүүхэд гэр бүлийн орчноос болж стресст орох уу?

-Томчуудаас илүү хүүхэд их стресст өртдөг. Тэд амьдралын туршлагагүй, стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвшрахаа мэддэггүй. Тиймээс аав ээжийнхээ, бусад хэн нэгний хэлсэн үгийг зүрхэндээ хүлээн авч сэтгэлээр унаж дотроо маш их шаналдаг. Жишээ нь хамгийн хайртай хүнээсээ “Чам шиг ийм хүүхэдтэй байснаас байхгүй нь дээр” гэдэг үг сонссон хүүхэд бидний төсөөлөөгүй ихээр сэтгэлээр унаж хямардаг. 

Гэр бүлийнхэн нь дэмжихгүй, ойлгохгүйгээс гадна хүүхдэд сургууль дээр үе тэнгийнхэндээ шоолуулж шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Ингэж дотроо удаан шаналж явснаас болж ганцаардан, хичээлийн идэвх буурч, цаашлаад депресс бүр амиа хорлолтонд хүрч болно.

ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЖ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛ

Ангийнхан нь түрийвч хулгайлсан хэрэгт гүтгэснээс, монитагийн бэлгийг нь хүүхдүүд шоолсноос хүүхэд дарамтанд ордог. Үүнээс болж томчууд бидний хувьд иймхэн юмнаас болж арай ч дээ гэж халаглам шалтгаанаар үрс маань амиа хорлох явдал гарсаар байна. Үүний цаанаа тэд өөрсдөө яахаа мэдээгүй, тэднийг хайрлах хүмүүс нь сонсоогүй, туслаагүйгээс болж эцсийн мухардалд орж ийм замыг сонгоход хүрдэг. Тиймээс амиа хорлолтыг тухайн хүний эцсийн дуу хоолой ч гэж үздэг. 

Монголчууд хайр дотроо, хал нь гаднаа гээд хайраа ил гаргадаггүй. Үр хүүхдээ хайрлаж байгаа бол түүнийгээ илэрхийлдэг, хүүхдээ маш сайн ажигладаг, цаг гарган тэднийгээ сонс. Хайрласан сэтгэлээ илэрхийлэхгүй бол хайраар яах юм.

-Хүүхдээ стресст орчихсон байна гэдгийг яаж анзаарч мэдэх ёстой вэ?

-Хүүхэд том хүн ялгаагүй стресст орчихоороо түүнийгээ заавал гадагшуулах хэрэгцээ үүснэ. Үүнийг салхивчны арга ч гэж нэрлэдэг. 

НАСАНД ХҮРЭГЧИД СТРЕСС ТАЙЛАХ ОЛОН АРГАТАЙ, ХАРИН ХҮҮХДҮҮД...

Насанд хүрэгчид хэн нэгэнтэй ярилцаж зөвлөлдөөд сэтгэлээ онгойлгоно, өмнө шийдэж байсан туршлагаа бодож эргэцүүлж олон янзаар стрессээ тайлах аргатай. Гэтэл хүүхэд тэр хуримтлагдсан уур бухимдал, гомдлоо тайлах аргаа мэддэггүй.

Иймээс уйлах, зөрүүдлэх, үеийн хүүхдүүдээ шоглох, томчуудтай тэрсэлдэх зэргээр гадагшлуулдаг. Энэ нь өөрөө ч мэдэлгүй зөнгөөрөө л стрессээ гаргаж байгаа хэлбэр юм. Үүнийг нь томчууд ойлгохгүй загнаж, зодох гээд хүчирхийллийн аргаар харилцдаг нь хамгийн буруу.

Тэгэхээр эцэг эхчүүд аль болох үр хүүхэдтэйгээ сайн ярилцаж, тэдний оролцоог дэмжих хэрэгтэйг мэргэжлийн хүний хувьд зөвлөмөөр санагддаг. Нүүж суухдаа сургуулийг нь шилжүүлэх талаар тэднийхээ санаа бодлыг асууж, сонсоорой. Хэрэв нүүхээс аргагүй байгаа бол өөрсдийнх нь саналаар шийдэх боломжгүй байгааг сайтар тайлбарлах хэрэгтэй. Нөгөө талаас хүүхдийнхээ саналыг нь сонсоно гэдэг нь хуулинд заагдсан тэдний оролцох эрхийг хангаж, хүндэтгэж байгаа хэрэг юм. 

-Аав хүн хүүхдийн хүмүүжилд хэр нөлөөтэй вэ?

-Ихэнх аав хүүхдээ томроод ирэхээр ойр дотно ярилцана гэж боддог. Гэтэл дөнгөж төрснөөс буюу 0-6 сартайд нь тэвэрч энхрийлж ойр дотно хандаагүй бол өсвөр насандаа аавтайгаа дотно харилцаа үүсэх боломжгүй болсон байдаг.

-Эцэг эхчүүд хүүхдээ гомдочихоод уучлалт гуйдаггүй. Гэтэл хүүхэд үүнийг хэзээ ч мартдаггүй гэж уншиж байсан?

-Хүүхэд бүдэрч унахад хүртэл сэтгэл зүйн анхны тусламж хэрэгтэй гэдэг. Хүүхдээ гомдоосон л бол заавал уучлалт гуйж тайвшруулах хэрэгтэй. 

Томчууд бид ч үл ойлголцсоны дараа нэгнээсээ уучлалт гуйхаар, эсвэл уучлаарай гэсэн үг сонсоход сэтгэл санаа ямар сайхан болдог билээ.

"ЭНЭ БОЛ ЗӨВХӨН НАДАД ТОХИОЛДОЖ БАЙГАА АСУУДАЛ БИШ" ГЭДГИЙГ МЭДДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ

Бяцхан үрсийн маань сэтгэл зүрх эмзэгхэн учраас биднээс илүү ихээр гомдон шаналдаг, шархалдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хүүхэдтэйгээ биеийн өндрөө ижил түвшинд байлгаж, нүд рүү нь эгцлэн хараад чин сэтгэлээсээ ярилцаж, уучлалт гуйгаарай.

-Уурлаж бухимдахдаа зодохоос дутахгүй хатуу үг чулуудаж хүүхдийнхээ зүрх сэтгэлийг шархлуулдаг эцэг эхчүүд цөөнгүй. Бухимдах шалтгаан гарах үед хэрхэн биеэ барьж тайвшруулах талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч болох уу?

-Бидний тархины сэтгэл хөдлөл удирддаг хэсэг нь дотор талдаа, бодож төлөвлөдөг хэсэг нь гадуур нь хучигдсан байдаг. Сэтгэл хөдлөл удирддаг хэсэг нь ажиллаад уурлаж бухимдаад ирэхээр бодох хянах хэсэг нь ажиллахгүй болно гэсэн үг. Тиймээс асуудал гарсан үед алсын зорилгоо  санаж, одоогийн бэрхшээл түр зуурынх гэдгийг ухамсарлах нь чухал

Байшин барихад асуудал гарвал уурлаад л юугаар ч хамаагүй зуураад хамаг үнэтэй материал, хүч хөдөлмөрөө үрэн таран хийдэггүй биз дээ. Хүүхдийнхээ уур хүргээд байгаа асуудлыг хүүхэдтэй бүх хүнд тохиолддог зүйл гэж ойлгож, уурлахгүй байх, биеэ хянах удирдах аргад байнга суралцаж хичээвэл дадал болж тогтох боломжтой.

-Асуудлыг илүү хөнгөн хүлээж авна гэсэн гэсэн үг үү?

-Хүүхэдтэйгээ харилцахад гарч байгаа өдөр тутмын асуудлуудыг эцэг эх “Энэ бол зөвхөн надад тохиолдоод байгаа асуудал юм биш” гэдгийг  мэддэг байх нь чухал. Стресс, уур бухимдалд үзүүлдэг бидний хариу үйлдлүүд автоматаар гардаг ч хэрвээ эцэг эхчүүд илүү хичээж дадлага хийвэл өөрийгөө хянаж чадна. Хэрэв эцэг эхчүүд өөрсдийгөө хянаж чаддаг бол үр хүүхдэдээ ч үүнийгээ үлгэрлэнэ шүү дээ.

-Хүүхдээ шүүмжлэх, дооглох, хийсэн ажлыг нь голохоос илүү урамшуул гэдэг. Жишээ нь ямар аргууд хэрэглэх вэ?

ХҮҮХДИЙНХЭЭ ДАВУУ ТАЛЫГ НЬ ТОМРУУЛДАГ ШИЛЭЭР ТОВОЙЛГОН ХАР

-Эцэг эхчүүд энэ зарчмыг баримтлах нь чухал. Юун түрүүнд АА буюу алдааг нь биш амжилтыг нь ЗЗ буюу загнахгүй залхаахгүй байх гэсэн аргууд байна.

Хүүхэд бүхэнд сайн сайхан зан чанар бий. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ нэг нэр хоч өгчихөөд байнга сануулж хэлдэг. Жишээ нь “Манай нэг сахилгагүй юм, тэдний нэг тийм хүүхэд” гэхчлэн ярьдаг тал бий. Гэтэл тэр сахилгагүй зантай нь холбоотой  давуу тал тэр хүүхдэд заавал байдаг. Магадгүй хурдан шаламгай, нээлттэй, өөртэй итгэлтэй хүүхэд их хөдөлгөөнтэй сахилгагүй байдаг. Худалч хүүхэд гэхэд хурдан сэтгэдэг, хэл ярианы чадвар сайтай гээд дурьдвал сайн тал заавал байдаг.

Гол нь томчууд бид хүүхдийнхээ давуу талыг нь томруулдаг шилээр товойлгон харж, тэрхүү чадварыг нь түлхүү хөгжүүлж түүгээр нь дамжуулан сул талыг нь багасгах, арилгах арга хэмжээ авах хэрэгтэй.

-Хүүхдийн ойр орчмын хүрээлэл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ

-Хүүхэд орчноо тусгаж бүх зүйлийг харж суралцаж, зориудаар сураагүй ч автоматчлагдаж тогтдог. Тиймээс ч хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг үг бий. Жишээ нь ном унш гэж үглэхийн оронд нөхцлийг нь бүрдүүлж өгөх. Та өөрөө хажууд нь ном уншаад байхад л хангалттай

-Хүүхдээ хэрхэн яаж зөв арга барилаар шийтгэх ёстой вэ?

-Шийтгэх гэдэг үг нь өөрөө оновчгүй. Хүүхдээ бидэнтэй л адилхан хүн, төрөхөөсөө заяагдмал жам ёсны эрхтэй гэдгийг ойлгож хүндэтгэж харьцах нь чухал. Хүүхэд чинь нэгэнт буруу зүйл хийсэн бол шийтгэнэ гэхээс илүү ойлгуулж зөвөөр тайлбарлаарай. 

Зарим эцэг эхчүүд хүүхэд юм чинь ойлгохгүй гэдэг эсвэл дээрээс доошоо чиглэлтэй харьцаж загнаж зандраад эхэлдэг. Гэтэл хүүхэд нас насныхаа онцлогт тохирсон бүх асуудлыг ойлгох өөр өөрийн чадвартай байдаг.

-Манай уншигчдад хүүхэдтэйгээ учраа олох энгийн аргуудаас зөвлөөч?

-Эцэг эхчүүд энэ тал дээр хариуцлагатай ажил хэрэгч  хандаж төлөвлөх ёстой. Хүн ажлаа төлөвлөдөг шигээ хүүхэдтэйгээ харилцахдаа цаг хугацаа зарцуулж бодож, төлөвлөгөө боловсруулаарай.

Жишээ нь хүүхдээ даалгавраа хий гэж үглэхийн оронд хийх ёстой ажлуудыг нь хүүхдэд сонирхолтой байдлаар дүгнэх жижигхэн ханын самбар хэлбэрээр хийж болно. Ажлаа хийчихвэл хөөрхөн дүрс, зураг нааж урамшуулаарай. 

Энэ тал дээр Япон, Солонгос ээжүүд уйгагүй ажилладаг. Харин Монгол ээжүүдийн ихэнхи нь хоол хийж өгөөд хувцасыг нь угаахадаа анхаарал хандуулаад иймэрхүү жижиг зүйлийг орхигдуулаад байдаг юм уу даа гэж боддог. Өөрсдөө туслаж хамт хийхгүйгээр тэгээрэй ингээрэй, тэгэх ёстой гэж номлохоос илүү уйгагүй өдөр тутамд нь зааж ойлгуулж, үлгэрлэж байж үр хүүхдээ сайн хүн болгох зорилгодоо хүрнэ.