Гэрийнхээ интерьерийг өөрчлөхөд мөнгө хэрэгтэй. Гэхдээ таны бодож байгаа шиг их биш шүү. Нүсэр тавилга авч, хэт үнэтэй дүүжин тааз хийхгүйгээр гэрийнхээ хуучин эд зүйлсээ ашиглаад хананыхаа өнгийг хөнгөхөн өөрчлөх зэрэг хэдхэн өөрчлөлтөөр шинэ орчинг бий болгох амархан.

Гологдсон хуучин гутлын шүүгээг ч багахан янзлахад гайхалтай зурагтын тавиур болчихдог хэмээн “Миний урлан”-гийн үүсгэн байгуулагч, архитектор, чөлөөт уран бүтээлч Э.Билигт ярьж байна. Бээжингийн урлагийн академийг архитектороор дүүргэсэн тэрбээр мэргэжлээрээ ажиллахын хажуугаар хобби сонирхлоо даган интерьер дизайн хийдэг.  Хэт классик, минималист эсвэл дизайнлаг биш энгийн бөгөөд урлагтай натурал төгс зохицолд тэр дуртай нэгэн. 

-Монголчуудын гэрээ тохижуулдаг уламжлалт сэтгэлгээ байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн хардаг вэ?

-Уг нь Монголчууд бид эртнээсээ нарийн ур хийцтэй сайхан зүйл эдэлж хэрэглэдэг ард түмэн. Монгол гэрийн тавилганы өнгө зохицол гайхалтай санагддаг. Гэтэл социализмын үед хүмүүсийг хайрцаглагдсан сэтгэлгээнд оруулчихсан. Тэр үед хийгдэж байсан тавилгууд хүртэл нэг л стандарттай. Бүх айл нэг хэмжээтэй шүүгээ, буйдантай байж. Энэ нь хүмүүст бүгд ижилхэн байх ёстой гэсэн ойлголт суулгачихсан. Одоо бол энэ хандлага өөрчлөгдөж байна. Гэхдээ л өөрсдийнхөө дуртай орчиныг бүтээхээсээ илүү хүмүүсийг дагаж дуурайж гэрээ тохижуулаад байгаа юм шиг санагддаг. Айлууд ийм том буйдан тавьдаг болчихсон юм чинь авчихъя гэдэг ч юм уу. Уг нь өөрсдийн гэр бүлийн хэрэгцээ шаардлага болон сонирхолд нийцүүлэх нь хамгийн чухал. Монголчууд хувцаслалтандаа маш их анхаардаг, мөнгө зардаг хэрнээ гэрийн интерьер орчиндоо анхаарал тавихдаа тааруу. Хүн харах юм биш, иймэрхүү байхад болох байлгүй гэж хандах нь бий. Гэтэл гэртээ тааламжтай тухтай орчин бүрдүүлчихвэл гэр бүлийн уур амьсгалд хүртэл эерэгээр нөлөөлдөг гэсэн судалгаа хүртэл бий

-Ханын цаасаа сольчих юм сан, гэрээ өөрчлөх юм сан гэдэг хүмүүст юу зөвлөх вэ?

-Зарим хүмүүс ханын цаас нь таалагдахгүй байсан ч тэгж байгаад солино доо гэдэг. Асуудалтай асдаг унтраалга эсвэл гэрийн эд зүйл багахан эвдрэлтэй байхад ч дараа нэг мөсөн янзлуулна гээд хойш тавих талтай. Гэтэл иймэрхүү жижиг зүйлс хүнийг ядрааж байдаг шүү дээ. Тэр даруйд нь янзалж өөрчилж байвал зүгээр. Заавал нүсэр их зардал гаргаж засвар хийхгүйгээр гэрийнхээ эд зүйлсийг эвтэйхэн зохицуулж, ханын цаасаа будаж, хуучин зүйлсээрээ өөрчилж болно. Түүнээс биш гэрээ өөрчилнө, засна гээд хамаг мөнгөө уналттай таазанд үрж, засвартаа хэт их мөнгө төсөвлөх шаардлагагүй. Найз нар маань миний зөвлөгөөгөөр гэрээ өөрчилчихөөд сайхан болчихлоо гэдэг юм. Ер нь гэр, амьдрах орчин тансагтаа биш хүний тав тухыг хангасан байх нь чухал. Гэрээ тохижуулахдаа үнэтэй гэхээсээ илүү хувирах боломжтой тавилга, ханын цаасыг сонгоорой. Яагаад гэвэл хээтэй ханын цаас нэг хэсэг хуйлруулж байгаад моодноос гарчихдаг. Хэрэв цул өнгөтэйг нь авчихсан бол хэдэн жилдээ хоцрогдохгүй.

-Гэрээ тохижуулахдаа гаргадаг манайхны хамгийн том алдаа

-Манайхан гэрээ тохижуулахдаа цогцоор нь биш хэсэгчилж нэг нэгээр сонгож алддаг.  Сонгохдоо сэтгэл хөдлөлөөр энэ ёстой гоё юм байна гээд сонгочихдог. Эргээд харахаар классик обойтой, орчин үеийн зурагтын тавиуртай, ямар ч авцалдаагүй арьсан буйдантай гээд нэг л эв донжоо олдоггүй. Ингэж алдаа гаргахгүйн тулд гэрээ тохижуулахаасаа өмнө өөрийнхөө дуртай стилиэ тодорхойлчих хэрэгтэй. Өөрөө өөрийгөө ямар хүн бэ гэдгээ шударгаар харах чухал. Яагаад гэвэл зарим эзэгтэй нар гаднаасаа эршүүд харагддаг хэрнээ сонголт хийхдээ эмэгтэйлэг ягаан өнгөнд дуртай байдгийг сургалт хийж байхдаа анзаарсан. Тэгсэн хэрнээ би иймэрхүү имижтэй хүн гээд модерн маягаар тохижуулна гэдэг ч дэлгүүр явахаар өөр сонголт хийдэг юм. 

Сар болгон солиод байдаггүй ханын цаас, тааз, буйдан зэрэг том зай талбай эзэлдэг, удаан хэрэглэдэг зүйлээ аль болох цулгуй өнгөтэйг сонгоорой. Эдгээр зүйлсийн өнгө нь зохицсон байх л юм бол үүн дээр ямар ч декор чимэглэл тавиад улирал улирлаар гэрээ өөрчилж болно. Тавилгаа өөрчлөхгүйгээр орон зайгаа чимэглэлээ ч өөрчилнө гэсэн үг.

-Ямар айлд чамд тухтай мэдрэмж төрүүлдэг вэ?

-Хүн хэт дизайнлаг эсвэл хов хоосон газар хүнд хүйтэн мэдрэмж төрдөг. Юунд ч хүрж болохгүй юм шиг. Ийм орон зай надад таалагддаггүй.  Хүн амьдарч байхдаа үргэлж дурсамжаа бүтээдэг шүү дээ. Жишээ нь Европ айлууд гэртээ янз бүрийн сонирхолтой сувинер ихтэй, тэр болгон нь ийш тийш аялалаар явахдаа авсан эд зүйлстэй. Тэр нь харахад ямар нэгэн стильд баригдаж бий болгосон интерьер биш учраас цаанаа амьд сайхан мэдрэмж төрүүлдэг.

Яг ямар төрлийн сонирхолтой гэдгээ мэдэх тун энгийн гэнэ. Түүний хэлж буйгаар өөрийнхөө гэрээс юу нь хамгийн их таалагдаж байгааг олж харах нь чухал аж. Гэрээ өөр нүдээр хар, сонж. Тэр нь хөргөгчний наалт, эсвэл аль нэг оронд явсан зураг, сувинер нь байж болно. Эсвэл өмсч эдэлж байгаа хувцасаа өөр нүдээрээ хараарай. Магадгүй ганган хувцас олонтой бол та чамин эд зүйлд дурлагч эсрэгээрээ энгийн, спортлог хувцас ихтэй хүн бол цэвэрлэхэд амар энгийн зүйлд дуртай, тав тухыг эрхэмлэгч хүн байдаг гэв.


-Бага квадраттай байртай залууст та юу гэж зөвлөх вэ?

-Байр жижиг байх тусмаа тохижуулахад сонирхолтой. Гол нь ийм байранд тавилганыхаа хэмжээг бодолцохгүй авчихдаг. Хоёр метр гал тогоотой байж талд нь шахуу хөргөгч тавих зэрэг алдаа гаргах, стандартаас том буйдан авах гэх мэт. Үүнээс болж өрөө дүүрээд бүр ч жижигхэн харагддаг. Бас ханын цаасаа сонгохдоо ч бас хэт том хээтэй сонгочихвол орон зай жижигрүүлж харагдуулдаг талтай. Тэгэхээр аль болох зай талбайг томтой харагдуулах аргуудыг хэрэглээрэй. Жишээ нь шкаф, сав зэрэг агуулдаг зүйлсээ аль болох таазанд нь тулгаж ханатайгаа ижил өнгөөр хийлгэвэл тохиромжтой. Хэрэв үүнийг тооцохгүйгээр хэт  том шүүгээ тавьчихбал хэт нүсэр, том харагддаг.  

Ажлын хамтрагч найз  Ж.Ариунтуяа

-Өөрийн чинь сүүлд гаргасан үзэсгэлэн Монгол гэрийн тавилганы шинэ шийдлүүд олон хүний анхаарлыг татсан? 

-Манай ихэнх айлууд европын ордны классик стилийн тавилгаар гэрээ тохижуулчихдаг. Гэтэл тэр нь Монгол хүний царай төрхөнд, ер нь цаанаасаа ерөөсөө зохицохгүй байгаа юм шиг санагддаг. Угаасаа Монголд орж ирж байгаа классик тавилгууд нь яг үнэндээ европтоо хэрэглэгддэггүй. Эдгээр тавилгууд Орос, Монгол, Солонгос, Ойрхи Дорнодын орнуудын зах зээлд зориулагдсан байдаг учаас хэт сүржин, нүсэр. Миний хамт ажилладаг байсан архитектор итали найз маань иймэрхүү тавилгуудыг харчихаад бид нар ерөөсөө хэрэглэдэггүй, яагаад үүнийг Итали тавилга гээд байгаа юм бол гээд гайхаж байсан. 

-Эсрэгээрээ гадныхан гадныхан монгол тавилгыг захиалдаг шүү дээ?

-Бид нар өөрсдийнхөө соёлыг үгүйсгэж биш Монгол тавилгаа өдөр тутамдаа хэрэглээсэй, гэрээ чимэглээсэй гэж бодож явдаг. Манайхан ингэж гадны тавилгаар гэрээ тохижуулж байхад эсрэгээрээ гадныхан манай тавилганы гоё сайхныг мэддэг, сонирхдог юм шиг санагддаг. Дэлхийд Хятад, Япон, Англи, европ стил гэж байна. Улс болгон л өөрийн гэсэн стилиэ гаргачихсан. Харин Монгол орчин үеийн стиль гэж байдаггүй. Энэ стилийг хөгжүүлэхгүй, гаргаж ирэхгүй байна. Жишээ нь Морокко стиль бусдыг дуурайсандаа алдартай болоогүй, өөрсдийнхөө онцлогийг л гаргаж ирсэн. Тэр нь европчуудад маш их таалагддаг. Өнөө мозайкен ширээ, металь дэнлүү нь маш алдартай.  Яагаад уламжлалт тавилга ийм болж болохгүй гэж. Монгол тавилгууд надад оптимист үзэлтэй санагддаг. Харахаар цаанаа гоё, хээ хуартай. Зун амралтаар явж байгаад монгол гэрт хонохоор тоононы улаан өнгө бүр цаанаасаа баяр баясгалантай мэдрэмж төрүүлдэг. Тийм болохоор гэртээ уйтгартай цуйлгуй өнгийн тавилганы хажуугаар ганц ч гэсэн эрээн юм оруулаад ирэхээр амьдрал сонирхолтой юм шиг санагддаг. Уг нь Монголчууд тэр монгол гэсэн зүйлдээ дуртай. Харин яаж тавих учраа ойлгодоггүй. Архитекторч мэргэжлээр сурсан болохоор би энэ тал дээр яаж тунг нь тааруулахаа мэддэг болсон. 

-Монгол гэрийн тавилгыг олон хүн байранд биш гэрт л байвал илүү тохиромжтой гэж хардаг шүү дээ?

-Ийм ойлголт хүмүүст байна. Монгол тавилгыг гэр хороололын айл эсвэл хөдөөний айлууд тавьдаг гэдэг бол ташаа ойлголт. Орчин үеийн тавилгуудтай хослуулаад тавихад маш сайхан харагддаг. Орчин үеийн буйдан тавьчихаад наана нь жижигхэн майга хөлтэй монгол ширээ тавьчихад ямар гоё харагддаг гээч. Монгол ор гэхэд хажуу талдаа шургуулгатай, зөндөө юм агуулдаг гээд давуу талтай. Гол нь манайхан монгол тавилга гэхээр хэт үнэтэй, сийлбэртэй авдараар төсөөлчихдөг юм билээ. Гэтэл түүндээ биш жирийн монгол тавилгыг анх хийлгэхдээ гэрийнхээ өнгөнд тохируулаад өөр өнгөөр будуулаад тавьчихаж болно. Тэр уламжлалт элемент гэрийг илүү сайхан харагдуулдаг. Өнгө будаг гэдэг өөрчилж болохгүй  зүйл биш шүү дээ. Яагаад заавал Монгол тавилга улаан, улаан шар байх ёстой гэж. Захиалга өгье гэвэл үйлдвэрлэгчид зөндөө бий.

Э.Билэгт сүүлд гаргасан Тара үзэсгэлэнгийнхээ үеэр Монгол орыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлж ор болж сунадаг буйдан хэлбэрээр хийжээ. Түүнийхээр манай үндэсний тавилгуудыг ямар ч хэлбэрээр ашиглаж болох гэнэ.

-Өөрт чинь Монгол интерьер  хийлгэе гэж хэр их хандаж байна вэ?

-Би энэ санаагаа 2-3 жил бодож явсан. Тавилганы гар эскизээ хийчихээд хийж амжихгүй явсаар саяхан болсон үзэсгэлэн дээр 4 ширхэг тавилга хийсэн юм. Бусад декор чимэглэлийг ч бас хийлээ. Санасныг бодвол хүмүүс маш сайхан хүлээж авсан, монгол ор ийм өнгөтэй байж болох юм байна, гэртээ иймийг хийлгэе гэж зөндөө хүмүүс хандсан. Юутай хүмүүст яаж монгол тавилгыг яаж хэрэглэж болох вэ гэсэн хувилбар харуулж чадсан болов уу.

Энэ ханын гэрлийг "Үүлэн чөлөөний нар" гэдэг 

-Орчин үеийн интерьерийн чиг хандлага?

-Хүмүүс завгүй болж байгаа учраас минималист тал руугаа хандаж байна. Нэг хэсэг хэт минималист байлаа, өрөө бараг хоосон шахуу эсвэл гялгар гадаргуутай тавилгатай байсан бол энэ нь эргээд хүмүүст хүйтэн сэтгэгдэл төрүүлсэн. Яагаад гэвэл ийм орчинд хүн тухтай байж чаддаггүй. Одоо буцаад өөрсдийн соёлын онцлогийг шингээсэн, хүрэлцэхэд илүү тааламжтай тавилгууд моодонд орж байна. Стилиуд нэлээд холигдож байна. Жишээ нь Монгол ор байлаа гэхэд нөгөө талд нь Скандинавын алдартай дизайнерийн хөлтэй буйдан ч байж болно.

-Энэ ажил чинь өөрт чинь юу өгдөг вэ?

-Миний урлангаас Тара брэнд буюу Тара декор, Тара фейшн, Тара хэвлэмэл бүтээгдэхүүн гарч байна.Бүтээгдэхүүнүүд маань давтагдашгүй, цор ганц өөрийн гэсэн онцлогтой “Урлагийн бүтээл” байх ёстой. Би урлагийг хүмүүст ойртуулахыг зорьж байна. Урлагаас хол байдаг хүмүүст тэр боломжийг нь олгож, түүнийг өөрийн амьдралын хэв маягтаа туршиж үзээсэй гэж хүсдэг. Ингэснээрээ урлагаас хүртэх сэтгэл ханамж, кайфыг мэдрүүлж, бас хэрэглээ болгож чадна. Гаднаас хайгаад ер олддоггүй бас өөрсдөдөө тулгарч байгаа хэрэгцээ шаардлагад үндэслэн ер нь яагаад бид өөрсдөө хийж болохгүй гэж бодоод л хийдэг.