Бид энэ удаагийнхаа зочны буланд эгэл жирийн ажил хөдөлмөр эрхэлж яваа залуусын нэгийг урьлаа. Энэ хүн бол Замын цагдаагийн албаны Тeхник замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхболд юм. "Приус" 20 унадаг, цалингийнхаа талыг байрны лизэндээ өгдөг, чөлөө заваараа шүлэг бичдэг ийм нэгэн 3 хүүхдийн аавын ярилцлагыг хүлээн авна уу.


-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Би өглөө 6цаг 30 минутанд босдог. Бага насны 3 хүүхэдтэй учраас ажилдаа явах замдаа сургууль цэцэрлэгт зөөх гээд амьдрал эрт өрнөдөг. 

-Сүүлийн үед ямар ном уншиж байна?

-Мэргэжилтэйгээ холбоотойгоор “The handbook of road safety measures” номыг уншиж байна.

-Ямар машин унадаг вэ?

-”Тоёото” маркийн Приус 20 машин унадаг.

-Хоолонд өдөрт хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Өдөрт ажлынхаа цайны газарт хооллодог. Дунджаар 5000 төгрөг зарцуулдаг байх шүү.

-Ямар орон сууцанд амьдардаг вэ?

-Бусад залуусын нэгэн адилаар 8 хувийн зээлээр 10 дугаар хороололд орон сууц авсан. Байрандаа ороод 5 жил болж байна. 


БИД ХҮҮХДЭЭ БАГААС НЬ “ЦАГДААД ХЭЛНЭ ШҮҮ” ГЭЖ АЙЛГАДАГ БУРУУ ХАНДЛАГА БИЙ


-Мэдээлэл авдаг эх сурвалж?

-Сошиал медиагаас илүү өдөр тутмын сонин,  сайтуудаас мэдээллээ авдаг. Ер нь хэрэгцээгүй, сөрөг мэдээлэл унших дургүй.

-Анх замын цагдаагаар ажиллаж эхэлж байхад ямархуу сэтгэгдэл төрж байв?

-Одоогоос 10 жилийн өмнө анх замын цагдаагаар ажиллаж эхэлсэн. Тэр үед хот ямар их машин, ямар их хөл хөдөлгөөнтэй юм бэ  гэж бодсон шүү. Гэтэл тэр үед одоогийнхоос 4 дахин цөөн автомашинтай байжээ. 

-Нууц биш бол сарын орлого хэд вэ?

-Үндсэн цалин 670 мянган төгрөг. Үүн дээр илүү цаг, цолны нэмэгдэл авдаг. Үүнээсээ мэдээж лизингээ төлнө.

-Манайхан муу сайн цагдаа нар л гэдэг. Тэгсэн хэрнээ цагаа тулахаар цагдаагаас л тусламж хүсдэг шүү дээ. Энэ хандлагыг хэр мэдэрдэг вэ?

-Хөгжиж буй орнуудад цагдаа сайн нэртэй байх нь ховор. Дандаа торгодог гэж л ойлгодог. Бид хүртэл хүүхдээ хүртэл багаас нь “цагдаад хэлнэ шүү” гэж айлгадаг хандлага бий.

Хүмүүс ухамсартай соёлтой болж байгаа боловч 2000-аад оны үеийн иргэдийн хуулийн мэдлэг өнөөдөр төдийлэн ахиж чадаагүй хэвээрээ. Зарим тохиолдолд хууль дүрмийн дагуу шаардлага тавихаар цагдаа энэ бүхнийг зохиочихсон юм шиг  ханддаг тал бий.  


ДҮРЭМ ЗӨРЧСӨН БОЛ БИ ЯАЖ Ч ТУСАЛЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД ШУУДХАН ХЭЛЧИХДЭГ


-Замын цагдаа руу салаавч гаргадаг үйлдлээс болж нийгэмд цагдаа нарыг хамгаалах хандлага үүссэн. Өөрт чинь яг иймэрхүү тохиолдол гарч байв уу

-Тааралгүй яахав. Зарим хүнд ажлаа хийснийхээ төлөө загнуулах үе гарч л байсан. Ялангуяа эрх мэдэл бүхий хүмүүст. Энэ бүхэнд нэгэнт төрийн хувцас өмссөн учраас аль болох хэл амаараа ойлголцоод өнгөрөхийг хичээдэг. Тэр болсон үйл явдал цагдаагийн албан хаагчдад хууль журмынхаа дагуу шударга ажиллаад явж байхад ард түмэн, иргэд, нийгэм ойлгодог, дэмждэг гэдгийг ойлгуулсан. 

-Сингапурт бараг цагдаа харагддаггүй, гэтэл нийгэм нь эмх цэгцтэй байдаг шүү дээ?

-Нийгмийн хандлага, хүмүүсийн ухамсрын түвшин өндөр болоод ирвэл байх л зүйл. Хөгжсөн оронд мэдээлэл технологийн дэвшлээр цагдаагийн ажлыг хөнгөвчилж байна. Жишээ нь Хятадад гэхэд хүний нүүр царай таньдаг нүдний шилтэйгээр гудамжинд эргүүлж хийгээд эхэлчихлээ. 

-Замын цагдаа өдөрт дунджаар хэдэн хүнтэй харилцдаг бол?

-Цагт дүрэм зөрчсөн, завдсан 4 жолооч гээд тооцвол өдөрт 20 хүнтэй уулздаг. Сард замын цагдаа 400 гаруй хүнтэй уулздаг гэсэн үг. Тэдний зарим нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин бараг тал хувь нь анх удаа дүрэм зөрчихөд намайг зогсоочихлоо, би ерөөсөө дүрэм зөрчдөггүй хүн гээд л тайлбар хийдэг.  Цагдаагийн албан хаагч эхлээд зөрчлийг нь тайлбарлахаар сөргөөр хүлээж авдаг хандлага бий. Тайлбарлахгүй шууд ийм дүрэм зөрчсөнөөс болж таныг торголоо гэвэл дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнгүй гэж зэмлүүлнэ.Зарим хүмүүс торгуулсандаа бухимдаж гар утсаараа бичлэг авч фэйсбүүк олон нийтийн сүлжээд тавина гэж сүрдүүлсэн хэрэг хэд хэд гарч байсан. Уг нь замын цагдаа иргэнийг Замын хөдөлгөөнд оролцож байхад нь дүрэм заах ёсгүй. Тухайн хүн жолооны үнэмлэх авахдаа л мэдчихсэн байх ёстой. 

-Стрессэнд хамгийн хурдан ордог ажлын жагсаалтанд ордог юм билээ?

-Тэгэлгүй яахав. Ийм ч учраас Замын цагдаагийн газар нэг  сэтгэл зүйч ажиллуулдаг. Нийслэл 500 албан хаагчтай гэж бодоход жил хагасын дараа л уулзаж зөвлөгөө авах боломжтой гэсэн үг. Ажлаа тараад гэртээ орохдоо мөрөө гөвөөд л сэтгэл зүйгээ бэлдээд ордог.

-Замын цагдаад ажилладаг гээд танилууд тань утасдаад зохицуулаад өгөөч гэж гуйдаг байлгүй?

-Танилуудаас маань цагдаа зогсоочихлоо зохицуулаад өгөөч гэж ярих үе гарна. Дүрэм зөрчсөн тохиолдолд би яаж ч чадахгүй гэж шуудхан хэлчихдэг. Шөнийн цагт бол утсаа авдаггүй, албан дуудлага л биш бол. Харин ийм осол гаргалаа гэж хууль зүйн талаас бол зөвлөгөө өгөлгүй яахав. Хууль зүйн талаасаа гаргалгаа хэлээд өгөхөөр зарим нь баярладаг, нөгөө хэсэг нь ЗЦГ ажиллаж байж зохицуулаад өгчихсөнгүй гэж гоморхдог л юм.  


ХҮМҮҮС ИХЭВЧЛЭН ЯАРЧ САНДАРСАН ҮЕДЭЭ ОСОЛ ГАРГАДАГ


-Хүмүүс унасан машинтайгаа ижилхэн авирладаг гэж ярьдаг. Үнэн үү?

-Ямар маркийн машин унасан эсэхээс шалтгаалж өөр өөр зан характер гаргах тал ажиглагддаг. Жишээ нь хурд хүчтэй машин унаж байгаа бол хурд хэтрүүлэх, дүрэм зөрчих, улаан гэрлээр гарах, урсгал сөрөх зөрчил гаргадаг. Гэтэл би угаасаа ядуу муу юм чинь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явах ёстой гэсэн ойлголт ажиглагддаг. Машин гэдэг зүйлийг удирдаж байгаа хүний зөв ухамсраар удирддаг зүйл. 

-Ингэхэд өөрөө хэр хашир жолооч вэ?

-Жолооч ямар алдаа гаргаснаас болоод осол гаргадаг гэдгийг мэддэг учраас ер нь хашир талдаа шүү. Хөдөлгөөн сийрэг үед явах ёстой хурдаараа явж байхад ардаас хурдан яваач гэдэг эсвэл гэрлээрээ араас дохиж байсан үе бий. 

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд бага болохоор зусланд очих дуртай. Ээж маань зусландаа хэдэн тахиатай. Хүүхдүүд маань араас нь хөөцөлдөж, өндөг гарахыг нь хүлээдэг./инээв/

-Гэр бүлдээ хэр их цаг зав гаргадаг вэ?

-Залуу хүн учраас өөрийн гэсэн оройн зайгаа үүсгэх, нийгэмд эзлэх байр суурь эзлэх, гэр бүлээ авч явах гээд олон зүйл бий. Тиймээс гэр бүлдээ хангалттай цаг зав гаргаж амжихгүй л явна. Миний амьдралын 65 орчим хувь нь ажил дээр өнгөрдөг. Гэхдээ мартаж болохгүй шилэн бөмбөгийн дүрэм байдгийг санаж явдаг.

-Шилэн бөмбөгийн дүрэм...?

-Амьдрал бол гацуурын шилэн бөмбөлөг шиг зүйл. Хагарчихвал дахиж эвлэхгүй шиг гэр бүлдээ цаг зав зарцуулахгүй бол эргэж ирдэггүй үнэт зүйл юм.

-Бодож санаж төлөвлөсөн зүйлээсээ хуваалцаач?

-Англи хэлээ сайжруулахыг хичээж байна. Бас гэр бүлээрээ Монгол орноороо тойрон аялахыг хүсдэг. Баруун аймгуудын их сайхан байгальтай гэж сонссон. Чадвал энэ зун амралтаа аваад замдаа гарна.

-Өөрийгөө хэр азтай хүн гэж боддог вэ?

-Ямар ч байсан хүнээс дутахгүй сайхан явж байгаа гэж боддог. Харин сугалаанд бол итгэж найддаг хүн биш. 


ӨӨРӨӨ Л ЗӨВ АМЬДАРЧ БАЙВАЛ АМЬДРАЛ ЧИНИЙ ГАРТ ГЭСЭН ЭЭЖИЙНХЭЭ ҮГИЙГ САНАЖ ЯВДАГ


-Аав ээжийнхээ тухай ярьвал?

-Тэд маань намайг бүр багаас нь бие даалгасан. Асуухаар өөрөө л мэд гэдэг. Зарим хүн хүүхдэдээ үр хүүхдэдээ анхаарал тавьдаггүй юм бэ гэх байх. Гэхдээ энэ нь ч зөвдөж эрт биеэ даасан гэж боддог. Ээж маань надад “Аливаа шийдвэрийг гаргахдаа чи өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг хий. Бид бий болгосныг чинь аваад явах биш. Өөрөө л зөв амьдарч байвал амьдрал чиний гарт” гэж хэлсэн үгийг санаж явдаг. Энэ үгийг дандаа санаж явдаг. Хүн зовсон ч жаргасан ч өөрөөрөө л энэ амьдралыг босгох ёстой юм байна гэсэн бодол хандлагыг ээжийн энэ үг надад суулгасан. 

-Ээжийнхээ хэлсэн үгийг хэр биелүүлж явна вэ?

-Цагдаагийн албанд ороод 11 жил ажиллаж байна. Энэ хугацаанд нэг удаа ч тасалж үзээгүй. Надад эцэг эхээс заяасан хүний итгэлийг алдчихгүй юм сан гэж хичээж мэрийж явдаг ясны чанар бий.

-Амьдрал баян гэдэг дээ. Ажлаараа хүнд туслаад эргээд баярлаж талархсан халуун сэтгэлийн урам авч байсан тохиолдол бий юу?

-Би хууль зөрчөөгүй л бол бусдад боломжоороо л хүнд туслах дуртай. Мэдэхгүйг нь хэлээд өгчихийг хичээдэг. Нэг удаа ажил руугаа явах гээд такси барих гээд зогсч байтал “Чи тэнд зогсдог шүү дээ. Дээр надад тус болсон” гээд хүргэж  өгч байсан тохиолдол нэлээн хэд гарсан .Хариу нэхээгүй ч гэсэн тус эргээд ирдэг юм билээ.

-Өөрөө өөртөө эргэцүүлж тунгаах цаг завыг гаргадаг уу?

-Би дотогшоогоо хүн. Хааяа юуны төлөө амьдарч,  ажиллаж байгаагаа, хэний төлөө сурч мэдээд байгаагаа боддог. Ер нь цаад шалтгаан мөн чанарыг бодож  явах нь чухал. Би ХСИС-д багшилж байхдаа сонсогч нартаа аливаа хичээлийг яаж өнгөрөөнө дөө гэвэл цаг чинь явахгүй, харин ийм зүйлийг сураад мэдчих юм шүү гэж бодож эргэцүүлж хандвал олон зүйлийг сурч авах боломжтой” гэж хэлдэг байлаа. Өөрөө ч ийм зарчим баримталдаг. Зав гарвал бодож эргэцүүлсэн бүхнээ бичих дуртай.

-Тэр эргэцүүллээ шүлэгт буулгадаг байх нь ээ?

-Ганц хоёр мөр холбох дуртай. Сүүлд "Цагдаагийн үйлс" дууны шүлгийг бичсэн.

-Манай уншигчдад юу хэлэхийг хүсч байна вэ?

-Хүмүүс ихэвчлэн яарч сандарснаас болоод осол гаргадаг. Хүний амь наснаас үнэтэй цаг хугацаа гэж байдаггүйг битгий мартаарай гэж захимаар байна.