Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "2 сарын 5-ны өдрийн 09 цагаас 4 сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хэлтсийн дарга Л.Ганбат өгнө". 

Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат "Энэ жилийн шалгалтын бүртгэл цаг хугацаа орон зайнаас үл хамааран, онлайнаар өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 45,000 орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байгаа. Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна. Мэдээж батламж нь тусдаа хэвлэгдэж гарна.

Энэ жил бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай серверээ холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх юм. Энэ нь мэдээллийн алдаа гаргахгүйн тулд авч хэрэгжүүлж буй шийдэл. Хэрэв хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандаж мэдээллээ солиулах боломжтой. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ солиулсны дараа дахин хэвлэн авах юм.

Шалгалтын хураамж өнгөрсөн жилийнхтэй ижил 5,800 төгрөг байна. Мөн энэ жил Англи, Орос хэл гэх мэт хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг тодорхой хэмжээнд уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 мин, бусад хичээлүүд 80 минутын хугацаанд үргэлжилнэ.

Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдын хамрагдах тоо өссөн. Өмнө нь 2-3 шалгуулагч байсан бол өнгөрсөн жил 24 хамрагдасан. Тиймээс бид энэ жил эдгээр шалгуулагчдад зориулж тусгай даалгавар гаргахаар бэлтгэл ажлаа базаасан. 

Суудлын хувьд тавдугаар сарын 15-аас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургаан сарын дундын 10 хоногт зохион байгуулахаар БСШУСЯ-нд хандсан байгаа. Шалгалтын дүн өнгөрсөн жилийнхтэй адил долоодугаар сарын 1-нд гарна. Гэхдээ энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэж мэдээлэл өглөө.

Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өнгөрсөн жил шалгалтын материал задарсан гэх мэдээлэл явсан. Энэ жил энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Энэ бол худлаа мэдээлэл. 2006 оноос хойш материал ямар нэгэн байдлаар задарсан тохиолдол нэг ч гараагүй гэдгийг баттай хэлж чадна. Өнгөрсөн жилийн хувьд материал, сэдэв задарсан, эсвэл шалгалтын материал зарна гэсэн мэдээлэл цахим сүлжээгээр тархсан. 

Үүнийг бид тухай бүрт нь шийдвэрлэхээр ЦЕГ-тай хамтран Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулж, бүлэг этгээдийг илрүүлэн зохих хариуцлага хүлээлгэсэн. Энэ жил ч мөн ийм зарчмаар ажиллана.