ПАРИС. /Agence France-Presse/. Францын тэрбумтан Пиногийн гэр бүл Парисын Эх дагинын сүмийг сэргээн засварлахад 100 сая евро хандивлана гэдгээ мэдэгджээ.

“Даваа гарагт түймэрт өртсөн Парисын эх дагинын сүмийг сэргээн засахад миний эцэг Франсуа Пино болон би “Artemis” компанийн сангуудаас 100 сая еврог гаргахаар шийдлээ” гэж бизнес эрхлэгч Франсуа-Анри мэдэгдсэн байна.

Пиногийн гэр бүл “Artemis” болон “Kering” компанийг эзэмшдэг юм. “Artemis” компанийн эзэмшилд дуудлага худалдааны “Christie's” ордон байдаг бол “Gucci”, “Yves Saint Laurent” зэрэг хувцасны брэндүүдийг “Kering” компани эзэмшдэг байна.

Парисын эх дагинын сүмд даваа гарагт орон нутгийн цагаар 18 цаг 50 минут орчимд гал гарсны улмаас сүмийн орой, оройд байрладаг цаг болон дээврийн ихэнх хэсэг нь нурж унажээ. Сүмд Францын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд очсон байна. Сүмд гарсан түймрийг бүрэн унтраасан бөгөөд 400 орчим гал сөнөөгч ажиллажээ. Галын шалтгаан сүмийн дээд давхарт хийж байсан засварын ажлаас үүдэлтэй байж магадгүй гэж Францын хэвлэлүүд мэдээлж байна.