АТГ-ын Ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэр ашиг сонирхлын ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлал худалдан авах ажиллагааг хуурамчаар зохион байгуулсан, төрийн албан хаагч эхнэр нь газрын дуудлага худалдааг маш богино хугацаанд цахимаар зохион байгуулж нөхөр нь газрыг худалдан авсан, чанарын шаардлага хангахгүй материал худалдан авснаас болж сургуульд гал гарах нөхцөл бүрдүүлсэн, иргэн, аж ахуйн нэгжээс хандив нэрээр мөнгө хурааж төрийн бус байгууллага, арилжааны банкинд байршуулан хууль бусаар зарцуулсан зэрэг маш олон зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарчээ.
Энэ мэт зөрчил дутагдлууд нь бүх шатны байгууллага, албан тушаалтны авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл бага, хариуцлага, хяналтын тогтолцоо муу байгааг илтгэн харуулж байна гэдгийг АТГ онцолсон.

Тиймээс АТГ-ын зүгээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг Нийслэлийн 9 дүүрэгт байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор Дүнжингарав, Драгон, Мишээл, 6 буудал дахь нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “Иргэний хяналтын төв”-ийг байгуулан ажиллуулж эхэлнэ гэж мэдээллээ.