МХЕГ-аас хүүхдийн тоглоом импортлогч болон улсын байцаагчдад “Импортын хүүхдийн тоглоомын эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийн талаар тоглоом импортлогч аж ахуйн нэгжүүдэд танилцуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөв.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомд холбогдох хууль, журам, стандартын дагуу хяналт шалгалтыг хийдэг бөгөөд бичиг баримтын шалгалт, биет үзлэг хийж лабораторийн шинжилгээнд хамруулдаг байна.

2017 онд нийт 10 улсаас 39 ААН, 27 иргэн 182,7 тн тоглоом оруулж ирсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 31 ААН 68,7 тн хүүхдийн тоглоом импортложээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35000 хүүхэд ямар нэг байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг. Түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурьджээ.
Тиймээс хөгжингүй орнуудад тоглоомын импортод онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр буюу өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалахыг зөвшөөрдөг байна. 

Хэдэн жилийн өмнөх Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар шинжилгээнд орсон 62 тоглоомын 26 хувьд бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан юм. Гэтэл хромын агууламж өндөр байвал нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг.
Хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байх нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоог өөрчилдөг гээд хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулах тоглооом худалдаалагдсаар байгаа юм.