Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос орон даяар зарлахаар төлөвлөөд байсан ажил хаялтаа түр зогсоох болжээ. Энэ талаар тус холбооны дарга Б.Мягмар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Манай холбооны төлөөлөл өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, дөрвөн бүлэг 26 заалт бүхий “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн нэмэлт хэлэлцээр”-ийн 24 заалтыг “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хэлэлцээр”-т нэмэлтээр бүртгүүлэхээр тохирлоо. Ингэснээр эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, улсын хэмжээнд сувилагчийн орон тоог 1800-гаар нэмэх, жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах сар” болгох, хүний нөөцийн дутагдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг заалтыг Үндэсний хэлэлцээрт тусгалаа. Мөн энэ сараас төсөвт байгууллагын хэмнэсэн орлогыг ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулах боломж бүрдэж байна. Энэ бүх үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтнууд, ЭМЯ-ны удирдлагууд, хуулийн хүрээнд хамтран ажилласан цагдаагийн байгууллага, ард түмэндээ талархаж байна” гэлээ.

Мөн маргааш МЭМАҮЭХ болон ЭМЯ-ны ажлын хэсэг дахин хэлэлцээр хийх үлдсэн хоёр заалтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх болно. Уг хоёр заалт нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудад 300 мянган төгрөгийг нэг удаагийн буцалтгүй тусламж болгон олгох, 2019 онд цалин хөлсийг тодорхой хувиар нэмэхтэй холбоотой аж. Уг хоёр заалтыг хэлэлцээрт хэрхэн тусгах, хэрэгжилтийг хэрхэн хангахаас шалтгаалж, тэмцлээ үргэлжлүүлэх эсэхээ шийдэхээ мөн дурьдлаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг