Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэхийг шаардаж мэдээлэл хийлээ. Тэд эмч нарын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх мөнгийг 2018 оны төсөвт тусгахыг холбогдох төрийн байгууллагуудаас шаардаж байна. 

Эрүүл мэндийн салбарын ажилчдын сарын дундаж цалин 520-620 мянган төгрөг. Үүнээсээ нийгмийн даатгал, орлогын албан татвар, цалингийн зээл зэргийг төлөөд гар дээрээ авсан бэлэн мөнгө нь амьдралын хэрэглээнд хүрэлцдэггүй. Иргэдийн эрүүл мэндийн төлөө эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажлыг цалгардуулалгүй, зарим тохиололд илүү цагаар ажиллаж байхад ахуйн хэрэгцээнд хүрэлцэхгүй бага цалин өгч байгаа нь байж боломгүй хэрэг гэдгийг тэд онцолсон юм.

Тиймээс тус салбарын 20 мянган хүн цалин нэмүүлэх шаардах бичигт гарын үсэг зурж УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яамдад хүргүүлжээ Шаардлагын хариуг өнөөдрөөс эхлэн ажлын тав хоногийн хугацаанд хүлээх бөгөөд асуудал шийдвэрлэсэн хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжих юм байна. Мөн тэд эмч нар нэг цаг л ажил хаяхад улс оронд ямар их гарз, хохирол учрах вэ гэдгийг ч холбогдох удирдлагуудад анхаарууллаа.