Орлого, зарлагаа нарийн тооцоолж бүсээ чангалах ёстойгоо мэддэг ч нэг мэдэхэд л мөнгөө хийсгэчихсэн байдаг уу? Дэлгүүр ороод л хөл тань хаашаа ч хамаагүй чирээд, юу ч хамаагүй авч өөрийгөө эрхлүүлж, сэтгэлээ сэргээмээр санагддаг уу. Дараа нь авсан юм аа бодохоор халаглах ч багадам байна уу. 

Яг ямар үед ийм мэдрэмж төрдөг талаар Huffington Post мэргэжилтнүүдээс асуужээ. 

1 Хямдрал, урамшуулал дагаж

Дэлхийн аль ч өндөр соёлтой, чинээлэг орны хүмүүс хямдрал гэхээр ухаан алддаг. Дэлгүүр нураах шахам дайрч, дээр, доороо гарч, зарим нь зодолдон барин хямдарсан барааны араас явдаг. Гэтэл тэр бараа үнэхээр хямдарсан уу, өөр газар илүү хямд байгаа юу, хамгийн гол нь надад хэрэгтэй юу гэдгийг бодолцдоггүй. Хүн л юм хойно “Зөвхөн 24 цаг”, “Энэ долоо хоногийг дуустал” гэх мэт хямдралд маш их татагдаж ухамсаргүйгээр худалдан авалт хийдэг ажээ. 

2 Татварын буцаан олголт авчихаад 

НӨАТ-ын буцаан олголт орох дөхөхөөр л хүн бүр яаж үрэхээ төлөвлөчихсөн байдаг. Энэ нь сайн хэрэг ч хэтэрхий “тэнгэрийн” зүйл төлөвлөх хэрэггүй. Зөв дүрэм бол 90 хувийг нь санхүүгийн зорилгынхоо дагуу, 10 хувийг нь ямар нэг хөгжилтэй зүйлд зарцуулах юм. 

3 Таагүй өдрийн төгсгөлд

Бидний дийлэнх нь өдрийг эрч хүчтэй эхлүүлдэгч амьдралын нугачаанд дарлуулсаар өдрийн төгсгөл гэхэд өвдөг сөхрөх нь олонтаа. Ийм үед л харих замдаа сэтгэлээ сэргээхээр дэлгүүр орж хэрэгт хэрэггүй зүйлсэд мөнгөө үрдэг. 70 мянган төгрөгийн үнэтэй цэнхэр өнгийн нүд хүрээлэгч контур танд дараа нь хэрэгтэй юу. Урдуураа богино үс тавиулбал яг зохих болов уу. Сэтгэлээр унасан үед та үүнийг эрүүлээр эргэцүүлж дүгнэж чадахгүй.

4 Нөлөөнд автсан үед

Халамцуухан үедээ дэлгүүр зүглээд ч хэрэггүй. Бүх юм зохиод байгаа ч юм шиг, ганц амьдрах юм чинь гээд хамгийн үнэтэй дарсыг нь авчихмаар ч юм шиг санагдана. Ийм мэдрэмжид бүү хуурт. Нэгдүгээрт, та мөнгөө үрээд, хоёрдугаар, хаяж ч чадахгүй, өмсөж ч болдоггүй хувцастай болно л гэсэн үг. Мөн “Дараагийн шотыг би даачихъя” гэдэг үг халамцуу хүний амнаас л ихэвчлэн гардаг. Болгоомжтой байж сурах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэллээ. 

5 Баяр наадмын үеэр

Шинэ жил, Валентины баяр, төрсөн өдөр тэргүүтэй баяруудад мөнгө хэмнэнэ гэдэг маш хэцүү. Эдгээр өдрүүдэд хүмүүс нэг бол хэт их сэтгэл хөөрөлтэй, нэг бол маш их ганцаардсан байдаг тул дэлгүүр хэсэхэд хамгийн тохиромжгүй үе гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. 

6 Картанд их мөнгөтэй үед

Хэтэвч дэх мөнгө тань нүдэн дээр нимгэрээд ирэхэд үрээд байяа гэж хэн ч бодохгүй. Харин мөнгөө картанд хадгалсан үед зураад, зураад явчихад нэг их түвэггүй шүү дээ. Яг энэ маягаар картандаа их мөнгөтэй дэлгүүр ороод, хайр найргүй зуруулбал орой нь дансны үлдэгдлээ хараад таны эрүү мултрах болно. Болгоомжил.

7 Том зүйл худалдан авахдаа

Зочид буудал танаас ингэж л илүү мөнгө салгадаг. 400 мянгаар нэг шөнө хонож байхад 15 мянгаар нэг уут чипс авах юу юм бэ. Их мөнгө бүр их мөнгөний хажууд өчүүхэн санагддаг. Ийм л сэтгэхүйнд тань дөрөөлж хэтэвчнээс тань илүү мөнгө сугалдаг юм. Та зам гараад хүнсний дэлгүүрээс 3000 төгрөгөөр чипс аваад идэж болно шүү дээ. Байр авахад ч мөн адил. 

8 Ухамсаргүйгээр шоппинг хийдэг бол

Хүн хэрэггүй зүйлсээ аваад хэзээ ч сэтгэл нь ханадаггүй. Тухайн үедээ л хорвоогийн хамгийн их аз жаргалыг мэдрэхээс биш эргэж хараад ямар ч хэрэггүй зүйл хийснээ ойлгоно. Яг дэлгүүр хэсэх мөчид харсан зүйл тань танд хамгийн их хэрэгтэй юм шиг санагдана. Гэвч энэ нь нэг төрлийн донтолт учраас та ухамсаргүйгээр шоппинг хийж, замбараагүй мөнгө хэрэггүй зүйлд үрдэг бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.