ЖЕНЕВ. /Xinhua/. Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ дэлхийн худалдааны энэ оны өсөлтийн урьдчилсан таамгаа бууруулж, 3.7 хувиас 2.6 хувьд хүргэсэн байна.

"Худалдааны хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед бидний гаргасан энэхүү хэтийн төлөвт хэн ч гайхшрах хэрэггүй" гэж ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азеведо Худалдаа, эдийн засгийн хэтийн төлөвийн тайланг танилцуулах үеэрээ хэлжээ. 

Өнгөрсөн онд дэлхийн худалдааны өсөлт буурч, 3 хувиар өссөн тухай дээрх тайланд дурдсан байна. 2017 онд энэ үзүүлэлт 4.6 хувь байсан юм. 

2018 онд нэмэлт татвар ногдуулах болон түүний эсрэг хариу арга хэмжээнүүд зэрэг асуудлууд урган гарч, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сулруулж, санхүүгийн зах зээл тогтворгүйтсэнээр тус онд худалдааны өсөлт удааширсан байна. 

Хэрэв цаашид худалдааны хурцадмал байдал намжих аваас 2020 онд дэлхийн худалдааны өсөлт бага зэрэг нэмэгдэж, 3 хувьд хүрнэ гэж ДХБ таамагласан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг