Энэ онд Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, замын байгууламжийн чиглэлээр он дамжсан 7, шинээр эхлүүлэх 45, нийт 52 төсөл арга хэмжээг 35,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. 

Тухайлбал Ханх-Монд чиглэлийн 23 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дуусгах, Булган аймгийн Гурван булаг-Хишиг-Өндөр чиглэлийн 22 км хатуу хучилттай авто замын ажил, Туул голын Сонгинын 200 у/м төмөр бетон гүүр, Хэнтий аймгийн Дадал сумын Онон голын 238,9 гүүрийн засварын зэрэг он дамжин хийгдэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Мөн эдгээр ажлуудад захиалагчийн хяналт хийх гэрээг сунгаж, шинээр эхлүүлэх зарим төсөл хөтөлбөрт захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр хэлэлцэж эхэлсэн байна. 

Замын чанарын талаар Зам, тээврийн хөгжлийн төвийн Барилга угсралтын хяналтын хэлтсийн дарга М.Ган-Эрдэнээс тодруулахад “Авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацааг гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт хийсэн  хуулийн этгээдэд тус бүр 3 жил байна гээд заачихсан байгаа. Иймд шат шатандаа авто замын тухай болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, график төлөвлөгөөгөө барьж ажиллах  нь замын чанарт сайнаар  нөлөөлнө” гэсэн юм.