"Энержи ресурс" компани "Лантуун дохио" ТББ-тай хамтран “Ид шидийн орон-2” төслийг эхлүүлж, хүүхэд хамгааллын шинэ төв барихад шаардлагатай нийт санхүүжилтийн 50 хувь буюу 740 сая төгрөгийг олгохоор боллоо. Энэ нь тус компанийн 10 жилийн ойдоо барьж буй үр өгөөжтэй ажил юм.

“Ид шидийн орон-2” төслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Улиастайн эцэст энэхүү төвөө байгуулахаар болсон байна.  Энэ тухайгаа тэд "Энэ бол хүүхэд хамгаалал нэн шаардлагатай газар. 4,200 м2 энэ талбайд “Ид шидийн орон-2” баригдана" хэмээн бичжээ.

Тус төслийг санаачлагч, "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэдхэн хоногийн өмнө JCI байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ten Outstanding Young Persons of the World” буюу дэлхийн шилдэг 10 эерэг залуугийн нэгээр шалгарсан юм.