27 настай Энэтхэг эр эцэг эхийгээ өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төрүүлсэн хэмээн шүүхэд өгөхөөр бэлдэж байна.

Мумбай хотын бизнесмен Рафиел Самуэль BBC-д "Мэдээж, хүүхдийг төрөхөөс нь өмнө зөвшөөрөл авах боломжгүй гэдгийг ойлгож байгаа ч хүн болж төрөх нь бидний шийдвэр биш шүү дээ” гэжээ. Тиймээс биднийг энэ ертөнцөд зөвшөөрөлгүй төрүүлсэн учраас эцэг эхчүүд үлдсэн амьдралын хугацаанд хэрэглэх амьжиргааны зардлыг төлөх хэрэгтэй хэмээн маргаан үүсгэсэн байна.

27 настай Самуэль нь эцэг эхтэйгээ маш сайх харилцаатай нэгэн. Гэхдээ энэ асуудлаар шүүхэд өгөх нь ямар ч гэр бүлийн хооронд хагарал үүсгэх хангалттай шалтгаан юм. Харин түүний эцэг эх нь хоёулаа хуульч бөгөөд түүний гомдлыг хөгжилтэйгөөр хүлээн авчээ.

Түүний ээж Кавита:

“Бид хуульч хүмүүс учраас эцэг эхийгээ шүүхэд өгөх шийдвэр гаргасан хүүгийнхээ чин зоригийг үнэлж байна. Хэрвээ Рафиел хүү маань өөрийг нь төрөхөөс өмнө хэрхэн өөрөөс нь зөвшөөрөл авч болох байсныг оновчтойгоор тайлбарлаж чадвал, буруугаа хүлээхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

Ноён Самуэлийн итгэл үнэмшил нь anti-natalism буюу төрөлтийн эсрэг үзлээс үүдэлтэй. Тэрбээр амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэн учраас хүмүүс төрөлтийг зогсоох хэрэгтэй, хэрвээ хүмүүс энэ дэлхийгээс устаж үгүй болвол манай гариг нь илүү дээр байх болно гэж итгэдэг нэгэн.

Энэ тухайгаа Самуэл:

“Хүний ертөнц нь ямар ч утга учиргүй. Хэтэрхий их хүн зовж шаналж байна. Хэрвээ энэ дэлхийд хүмүүс мөхвөл, байгаль дэлхий амьтад илүү жаргалтай амьдрах болно. Хүмүүс ч зовох хэрэггүй болно.Хүний оршихуй бол ямар ч утгагүй.” хэмээн ярьжээ.

Жилийн өмнө тэрбээр Nihilanand нэртэй Facebook хуудас нээн, хуурамч том сахал зүүн, нүдний шил зүүсэн өөрийн зургийг оруулан дээр нь "Хүүхдээ энэ дэлхийд хүчээр төрүүлэн, карьераа бий болгохыг хүчлэх нь хулгайлан боолчилсноос ялгаатай гэж үү?”, “Эцэг эх чинь чамайг тоглоом, нохойны оронд авчирсан, чи тэдэнд ямар ч өргүй, чи бол зугаа” гэжээ.


Эх сурвалж: https://www.bbc.com/