МАДРИД. /АР/. Испани, Италийн эрдэмтдийн баг хүний биеийн болон хүрээлэн буй орчны температурын зөрүүгээс цахилгаан эрчим хүч үүсгэдэг хямд үнэтэй ханцуйгүй цамц бүтээжээ.

Испанийн Малага их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлснээр,эрдэмтдийн шинэ бүтээл нь улаан лоолийн хальс зэрэг хямд өртөгтэй материалаар бүтээсэн "ухаалаг нэхмэл эдлэл" юм. Энэхүү төсөл нь биднийг урагш ахиулсан бөгөөд бид илүү хөнгөн, хямд, хоргүй материал ашиглан цахилгаан эрчим хүч гарган авч чадсан гэж эрдэмтэд ярьсан байна.

Эрдэмтдийн шинэ бүтээл нь ус болон этилийн спирт /улаан лоолийн хальснаас гарган авч, нүүрстөрөгчийн нано хэсэг нэмж оруулсан байгаль орчинд ээлтэй спиртийн төрөл/ гэсэн маш энгийн бүтэцтэй гэнэ. Халаах үед ийм бодисууд нь даавуунд нэвтэрч, хөвөнд  наалдан, улмаар теллури, германий эсвэл хар тугалгаар үүсгэгддэгтэй адилхан эрчим хүчний шинж чанарыг бий болгодог байна.

Ийм ханцуйгүй цамц өмссөн хүн алхах эсвэл гүйх үед халж, түүний биеийн болон орчны бага температурын ялгаа нь цахилгаан үүсгэж чадна” гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Одоо эрдэмтэд “ухаалаг нэхмэл эдлэл” -д суулгаж болох төхөөрөмжүүдийг жишээ нь, ийм ханцуйгүй цамцны эзнийг харанхуйд тод харагдуулах гэрэл гаргагч, эсвэл гар утсаа цэнэглэх боломжтой төхөөрөмжүүдийг хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг