Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, хувьцаагаа арилжаалах үйл ажиллагаагаа цан цохин албан ёсоор эхлүүллээ.

Компанийн ерөнхийлөгч Петер Акерли  энэ үеэр "Компани хувьцаагаа МХБ-д давхар бүртгүүлэн арилжих болсон нь Монгол улсын иргэд Эрдэнийн хувьцааг худалдан авч, алтны үндсэн ордын хайгуулын төслүүдийг эзэмшин, үр өгөөжийг хамтран хүртэх боломжийг бий болголоо. Бидний энэхүү давхар бүртгэл нь Монгол улсад анх удаа хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шатаар ахиулан, уул уурхайн компаниудын ил тод байдал, сайн засаглалын шинэ жишгийг тогтооно гэдэгт итгэж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах, орон нутгийн ажилгүйдлийг бууруулах төслүүд хэрэгжиж байгаа энэ цаг үед ийнхүү хувьцаагаа Монгол улсад давхар бүртгүүлж байгаадаа их баяртай байна.” гэв.

Энэхүү давхар бүртгэлээр Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь 4 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг 640 төгрөг (0.34 кан.доллар)-өөр арилжаалж, нийт 2.56 тэрбум төгрөг (1.36 сая кан.дол) -ийн хөрөнгийг МХБ-ээс татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Канад улсын хөрөнгийн зах зээлээс хаалттай хүрээнд 8 сая хүртэл Энгийн Хувьцааг нэгж бүрийг 0.38 кан.доллараар үнэлэн, 3,04 сая кан.доллар хүртэл хөрөнгө босгох үйл ажиллагааг МХБ дэх давхар бүртгэлтэй ижил хугацаанд зохион байгуулж байна

Хувьцааны захиалга 5 сарын 29-өөс 6 сарын 14 хүртэл хийгдэх ажээ.