Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. 

Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК нь уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаат эх үүсвэрийг дотоод болон гадаадын зах зээл дээрээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болж байна.

Хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани бий болсноор гадаадын хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц том төслүүдэд хямд бөгөөд урт хугацаатай хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж байна.


"Эрдэнэс Монгол" ХХК нь 2007 онд байгуулагдаж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажиллаж байна.